Дармштадт
From Wikipedia, the free encyclopedia
Дармштадт (Герман: Darmstadt ˈdaʁmʃtat сонсох) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен Муж Улсын өмнөд хэсэгт нь орших тойроггүй хот бөгөөд Захиргааны дүүрэг Дармштадт ба Дармштадт-Дийбург орон нутгийн тойргийн захиргааны төв юм. Энэ хот нь Райн-Майн нутагт хамаарахын сацуу Хессен Муж Улсын арван том төвийн нэг. Дармштадт нь 160.000 оршин суугчтай нь муж улсдаа Майн дахь Франкфурт, Вийсбаден, Кассел хотын дараа ордог дөрөв дүгээр том болно. Хоттой ойр томоохон хотуудад хойд зүгт 30 км орчмын зайд Майны Франкфурт ба Оффенбах, баруун хойд зүгт 40 км орчим Вийсбаден ба Майнц, өмнө зүгт 45 км орчим Манхайм ба Райны Лудвигсхафен мөн түүнчлэн 55 км орчмын зайд Хайделберг оршдог.
Дармштадт
Darmstadt | |
---|---|
Улс | Герман |
Муж | Хессен |
Захиргааны дүүрэг | Дармштадт |
Тойрог | Хотын тойрог |
Хуваалт | 9 дүүрэг |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2023–29) | Ханно Бенц[1] (СДН) |
Газар нутаг | |
• Нийт | 122.23 км2 (47.19 бээр2) |
Өндөр | 144 м (472 фут) |
Хүн ам (2022-12-31)[2] | |
• Нийт | 162,243 |
• Нягтрал | 1,300/км2 (3,400/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 64283–64297 |
Залгах код | 06151, 06150 |
Улсын дугаар | DA |
Вэб сайт | darmstadt.de |
Албан нэр | Mathildenhöhe Darmstadt |
Төрөл | Соёлын |
Шалгуур | (ii)(iv) |
Бүртгэгдсэн | 2021 |
Эшлэл ду. | |
Түүхэн үүднээс Дармштадт нь Хессений Ландграфт Улс, Их Херцогт Улс, Ард Улсуудын нийслэл болон өргөөт хот байв. «Шинэ үеийн урлагийн төв» хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь 1899 онд их херцог Эрнст Лудвигийн санаачлагаар Матхилдегийн өндөрлөг дээр байгуулсан уран бүтээлчдийн колониос гаралтай ба энэ нь 2021 онд ЮНЕСКО-Дэлхийн өвд бүртгэгджээ.[3] Гэвч дайны дараагаас эхлэн «Шинжлэх Ухааны хот» хэмээгдэх болсон тус хотыг 1997 оноос эхлэн Хессений Дотоод Хэрэг ба Спортын Яамнаас албан ёсоор энэхүү цолыг олгосон байна. Хотод олон тооны дээд сургууль ба судалгааны төвүүд байхын дотор 1877 онд байгуулагдсан Техникийн Их Сургууль, Дармштадтын Дээд Сургууль, Эвангелийн Дээд Сургууль зэргийг нэрлэж болох ба эдгээрт нийт 50.000 орчим оюутан суралцдаг. 30 гаран томоохон судалгааны байгууллагуудад Хелмхольцын Хүнд Ионы Судалгааны Төв, Европын Сансрын Нислэгийн Хяналтын Төв, Европын цаг уурын хиймэл дагуул ашиглалтын байгууллага, Фраунхофер-Нийгэмлэгийн гурван судалгааны хүрээлэн энд бий.