Стома
From Wikipedia, the free encyclopedia
Ургамал судлалд стома буюу стомата[1] (Грекийн στόμα, "ам"[2]) гэж, ургамлын навч, иш болон бусад эрхтний эпидермис дээр байрлах, хийн солилцоог хянах зориулалт бүхий сүвийг хэлдэг.
- байгалийн болон мэс ажилбарын нөлөөгөөр эрхтэнийг нээх тухай Стома (эмнэл зүй) өгүүллээс үзнэ үү.
Сүв нь хаалгач эс гэж нэрлэгддэг, хоёр ширхэг тусгай паренхим эсээр хүрээлэгдсэн байх ба тэдгээр нь сүвний нээгдэх хэмжээг тохируулна. Стомата гэдэг ойлголт дотор сүв ба хаалгач эсийг хамтатган ойлгох ба энэ нь стоматаг нийтэд нэрлэж буй томъёолол юм.[3] Агаар нээгдсэн сүвээр ургамал уруу нэвтрэх ба түүнд агуулагдах нүүрсхүчлийн давхар исэл нь фотосинтезэд, хүчилтөрөгч нь эсийн амьсгалд тус тус ашиглагдана. Фотосинтезээс дайвар бүтээгдэхүүн байдлаар ялгарах хүчилтөрөгч нь мөн нөгөөх сүвээр атмосфер уруу гадагшилна. Үүнээс гадна, усны ууршилт энэ сүвээр атмосфер уруу ялгарах ба энэ процессыг транспираци гэж нэрлэдэг.
Хөвдийг (маршантофит) эс тооцвол, газрын бүх ургамал (эмбриофит) нь спорофит шатандаа стоматаг агуулдаг. Хос талт үрт (дикотиледон) ургамлуудын доод эпидермис нь дээдээс илүү олон стоматаг агуулдаг. Нэг талт үрт (монокотиледон) ургамлуудын доод дээд эпирдермис дахь стоматагийн тоо ихэвчлэн ижил байдаг. Хөвдөг навчтай ургамлуудын хувьд стомата нь навчны зөвхөн дээд талд байдаг ба живсэн навчууд стомата агуулдаггүй. Стоматагийн хэмжээ нь ургамлын зүйлээс хамааран өөрчлөгдөх бөгөөд уртаашаа 10 - 80 µm, өргөөшөө 50 хүртэл µm байдаг.[4]