Израилын шинэ шекель
Израилын мөнгөн тэмдэгт From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Шинэ израилын шекель (еврей. שֶׁקֶל חָדָשׁ; араб. شيكل جديد;мөнгөн тэмдэгтийн код ILS) нь Израилын мөнгөн тэмдэгт юм. Нэг Шинэ израилын шекель нь 100 агорад хуваагддаг. Шинэ шекель нь 1986 оны 1 сарын 1-ээс хойш гиперинфляцитай хуучин шекелийг 1000:1 харьцаатайгаар сольсноос хойш ашиглагдаж эхэлсэн.
Шинэ шекелийн валютын тэмдэг ⟨₪⟩ нь еврей хэлний шекель (ש) ба хадаш (ח) гэсэн хоёр үсгийн нэгдэл юм. NIS (ש"ח ба ش.ج) гэсэн албан бус товчлолыг дотооддоо үнийг илэрхийлэхэд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд Израилын Банкны вэбсайт дээр гардаг. Гэсэн хэдий ч Израилын шинэ шекелийн олон улсын албан ёсны валютын код нь ISO 4217 стандартын дагуу Олон Улсын Стандартчиллын Байгууллагын тогтоосноор ILS юм.
Remove ads
Түүх
"Шекель" (שֶׁקֶל) нэрний гарал үүсэл нь эртний Библид гардаг ижил нэртэй мөнгөн тэмдэгтээс гаралтай. Шекель бол эртний Израилын жингийн хэмжүүр юм. Эхэндээ энэ нь арвайн жинг хэлж байсан байх магадлалтай. Эртний Израилд шекель нь 180 орчим үр тариа (11 грамм) гэдэг байсан.
1948 оны 5 сарын 14-нд орчин үеийн Израил улс байгуулагдсанаас 1952 он хүртэл Англи-Палестины банкны хэвлэдэг Палестины фунтийг хэрэглэсээр байв.[4] 1952 онд Англи-Палестины банк нэрээ өөрчлөн Израилын үндэсний банк болж мөнгөн тэмдэгтийн нэр Израилын фунт болсон.[5]
Израилын фунт (1952–1980)
Израилын фунт (לירה ישראלית, "лира исраэлит") нь 1952 оны 6-р сараас 1980 оны 2 сарын 23-ны хооронд Израил улсын мөнгөн тэмдэгт байсан ба 1980 оны 2 сарын 24-нд шекелиэр солигдсон. 1955 онд Израилын банк байгуулагдаж, мөнгөн тэмдэгт гаргах үүргийг хүлээн авсны дараа зөвхөн еврей нэр "I£" тэмдгийн хамт хэрэглэгдэж эхэлсэн.[6] 1954 оны 1 сарын 1-нээс Британийн фунт стерлингтэй байсан холбоог цуцалж, 1960 онд Израилын фунтийн бутархай нэгжийг 1000 прутот байсныг 100 агорот болгон өөрчилсөн.
1960-аад оны үед Израилын мөнгөн тэмдэгтийн еврей бус нэрийг тойрсон мэтгэлцээний үр дүнд фунтийг еврей нэр, шекель (שקל) болгон өөрчлөхийг Сангийн сайдад даалгасан. Хуульд зааснаар сайд тухайн өөрчлөлтийг оновчтой он сар өдрөөр шийдэх боломжтой байв. Энэ хууль нь 1980 оны 2-р сар хүртэл хэрэгжиж чадаагүй бөгөөд Израилын засгийн газар мөнгөний системийг өөрчилж, 1 шекель = I£10 ханшаар шекелийг нэвтрүүлэхээр шийдсэн.
Шекель
Хуучин шекель буюу шекель нь 1980 оны 2 сарын 24-ээс 1985 оны 12 сарын 31-ний хооронд Израил улсын мөнгөн тэмдэгт байсан. 1960 болон 70-аад оны үед шекель ба түүний өмнөх Израилын фунт хоёулангийнх нь ханш байнга унаж, улмаар гиперинфляцид нэрвэгджээ. 1985 оны эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөний үр дүнд инфляцийг тогтоосны дараа 1986 оны 1 сарын 1-нд хуучин шекелийг орлуулж, 1000 шекель = ₪ 1 ханшаар шинэ шекелийг нэвтрүүлсэн.
Шинэ шекель
1980-аад оны эдийн засгийн хямрал, дараа нь 1985 онд шинэ шекелийг нэвтрүүлснээс хойш Израилын банк ба Израилын засгийн газар илүү болгоомжтой ба консерватив төсөв, мөнгөний бодлогыг баримталж, зах зээлд суурилсан янз бүрийн эдийн засгийн шинэчлэлийг аажмаар хэрэгжүүлж эхэлсэн. Нэмж дурдахад, чөлөөт худалдааны хэлэлцээр хийснээр Израйлын эдийн засаг өрсөлдөх чадвартай болгож, тус улсын аж үйлдвэр, шинжлэх ухааны баазад оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт нь дэлхийн мэдлэгийн эдийн засгийн өсөлтийг ашиглах боломж олгож, улмаар экспортыг эрс нэмэгдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ зах зээлд нэвтрэх боломж олгосон. Эдгээр хүчин зүйлсийн үр дүнд инфляци харьцангуй бага байсан бөгөөд одоо төлбөрийн тэнцэл эерэг түвшинд хадгалагдаж, 2010 оны ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэх урсгал дансны ашиг гарчээ.
2003 оны 1 сарын 1-ээс хойш шинэ шекель нь чөлөөтэй хөрвөх валют болсон. 2006 оны 5 сарын 7-оос хойш Чикагогийн худалдааны бирж дээр шинэ шекелийн дериватив арилжаа явагдаж эхэлсэн.[7] Энэ нь шинэ шекелийг валютын зах зээл дээр өргөн хэрэглэгддэг валютын фьючерс хэлцлүүд нээлттэй дэлхийн хорин хэдэн валютын нэг болгосон. Энэ бол дэлхийн олон орны хэрэглэгчид солилцож болох валют юм.[8][9] 2008 оны 5 сарын 26-ны өдөр CLS Банк Интернэшнл төлбөрийн зааврыг шинэ шекелээр тооцоо хийх боломжийг нээснээр, валютыг бүрэн хөрвөх чадвартай болгосон.[10]
Remove ads
Зоос
1985 онд 1 агора, 5 агорот, 10 агорот, 1/2, 1 шекелийн зоосон мөнгө гүйлгээнд гарсан.[11] 1990 онд ₪5 зоос,[12] 1995 онд 10 шекелийн зоос гүйлгээнд гарсан.[13] 1990 онд 1 агорагийн зоосны үйлдвэрлэл зогссон бөгөөд 1991 оны 4 сарын 1-ээс гүйлгээнээс гарсан. 2 шекелийн зоос 2007 оны 12 сарын 9-нд гүйлгээнд орсон.[14] Хамгийн сүүлд 2007 онд үйлдвэрлэгдсэн 5 агорагийн зоос 2008 оны 1 сарын 1-нд гүйлгээнээс гарсан.[15]
2011 оны 4-р сард зоос үйлдвэрлэхэд металлыг бага зарцуулж, улмаар өртөг зардал багатай шинэ зоосон мөнгө гаргана гэдгээ мэдээлсэн. Израилын банк төлөвлөсөн зоосны цуврал дээр "шинэ" гэсэн үгийг хасахаар төлөвлөж байгаа. Хэрэв батлагдвал энэ нь 1985 оны 9-р сард шинэ шекелийн зоос гүйлгээнд орсноос хойшхи бүх зооснуудын солих анхны ажил болох юм.[16] Зооснуудыг Солонгосын зоос үйлдвэрлэх ба Мөнгө Хэвлэх Корпораци (KOMSCO) үйлдвэрлэсэн юм.
Remove ads
Мөнгөн тэмдэгт
A цуврал (1985–1999)
1985 оны 9 сарын 4-нөөс эхлэн 5, 10, 50 шекелийн мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд оруулсан. 1986 оны 5 сарын 8-нд 1 шекелийн мөнгөн тэмдэгт, 1986 оны 8 сарын 19-нд 100 шекелийн мөнгөн тэмдэгт. 1988 оны 4 сарын 2-нд 20 шекелийн мөнгөн тэмдэгт, 1992 оны 2 сарын 16-ны өдөр 200 шекелийн мөнгөн тэмдэгтийг гаргасан.[18] 1, 5 ба 10 шекелийн мөнгөн тэмдэгтүүд нь өмнөх IS 1000, 5000, 10 000-ийн мөнгөн тэмдэгтүүдтэй ижил загварыг ашигласан боловч мөнгөний номинал нь өөрчлөгдсөн.
Хожим нь 1, 5, 10 шекелийн мөнгөн тэмдэгтийг зоосоор орлуулсан. Эдгээр зоосыг анх цутгаж байх үед дэвсгэрт дээрх байсан хүмүүсийн дүрсийг сийлж байсан.
B цуврал (1999–2017)
Хоёр дахь цувралын дэвсгэртүүд 1999 онд гарсан бөгөөд 2005 он гэхэд эхний цувралын дэвсгэртүүдийг орлосон. 1995 онд Рабин алагдсаны дараа Ицхак Рабины хөргийг агуулсан 500 шекелийн мөнгөн дэвсгэрт гаргах төлөвлөгөөг зарласан. Гэсэн хэдий ч инфляцийн түвшин бага байсан тул ийм мөнгөн дэвсгэрт хийх шаардлагагүй байсан бөгөөд хэзээ ч гаргаж байгаагүй юм.[19]
C цуврал (2014–одоо үе)
Хорооноос Шекелийн шинэ цувралд еврейчүүдийн нэрт яруу найрагчид буюу Рахел Блувштейн, Шаул Черниховский, Леа Голдберг, Натан Алтерманыг байрлуулах санал гаргасан. 2010 оны 12-р сард шинэ цувралд Менахем Бегин, Ицхак Рабин, Рейчел ба Шмуэл Йосеф Агнон нарын хөргийг байрлуулна гэж мэдэгдсэн.[21] Бегиний гэр бүл энэ шийдвэрийг эсэргүүцэхэд хорооны анхны саналыг дахин авч хэлэлцсэн.[22]
2012 оны 11 сарын 14-ний өдөр Израилын банк шинэ цуврал мөнгөн тэмдэгтүүд дизайны эцсийн шатандаа байгааг мэдэгдэв. 2014 оны 9 сарын 16-нд хамгийн эхэнд ₪50-ийн мөнгөн тэмдэгт гүйлгээнд орж,[23] дараа нь ₪200-ийн мөнгөн тэмдэгт 2015 оны 12 сарын 23-нд гүйлгээнд орсон.[24] Эцсийн хоёр дэвсгэрт буюу ₪20 ба ₪100-ийн мөнгөн дэвсгэртүүд 2017 оны 11 сарын 23-нд гүйлгээнд орсон.[25][26][27]
Мөнгөн тэмдэгтийг Швейцарийн Orell Füssli Security Printing компани хэвлэсэн.
Remove ads
Валютын ханш

Remove ads
Эшлэл
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
