Богд хааны ордон музей
From Wikipedia, the free encyclopedia
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж[1], уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалагддаг.
Богд хааны ордон музей | |
---|---|
Ногоон ордон | |
Байгуулагдсан | 1903, 1924 он (музей болсон) |
Байршил | Монгол Улс, Улаанбаатар хот |
Цуглуулгын хэмжээ | 8600 үзмэртэй |
Үзэгчдийн тоо | 40000 (жилд дунджаар) |
Захирал | Ц.Эрдэнэбаатар |
Цахим хуудас | bogdkhaanpalace.mn |