Македоны Александр
From Wikipedia, the free encyclopedia
Македоны Александр буюу III Их Александр (гре. Ἀλέξανδρος ὁ Μέγας буюу Μέγας Ἀλέξανδρος,[1] Mégas Aléxandros; МЭӨ 356- BC - МЭӨ 323),[2] буюу Македоны III Александр (гре. Ἀλέξανδρος Γ' ὁ Μακεδών) эртний Грекийн [3] Македоны хаан (басилевс) (МЭӨ 336–323) байсан. Тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн жанжны нэг бөгөөд тулалдаанд ялагдашгүй гэгдэж байлаа. Тэрээр үхэхээсээ өмнө эртний грекчүүдэд мэдэгдэж байсан хуурай газрын ихэнх хэсгийг байлдан дагуулсан.[4][5][n 1]
Их Александр | |
---|---|
Македоны хаан (басилевс) | |
Александр Персийн хаан III Дарийтай тулалдаж байгаа нь. Неаполийн Помпейгоос олдсон Александрын мозаик, Неаполийн Үндэсний Археологийн Музей. | |
Хаанчлал | МЭӨ 336-323 |
Грек | Ἀλέξανδρος ὁ Μέγας |
Бусад хэргэм | Эллиний холбооны хегемон, Египетийн фараон, Персийн Шаханшах |
Төрсөн огноо | МЭӨ 356 оны 7-р сарын 20 |
Төрсөн газар | Македоны Пелла |
Өнгөрсөн огноо | МЭӨ 323 оны 6-р сарын 10 эсвэл 11 (32 настайдаа) |
Өнгөрсөн газар | Вавилони |
Өмнөх | II Филип |
Удаах | IV Александр |
Их хатан | Бактрийн Роксана Персийн Статейра |
Хүүхэд | IV Александр |
Эцэг | Македоны II Филип |
Эх | Эпирийн Олимпиас |
Александр эх газрын Грекийн ихэнх хот улсыг Македоны засаглал дор Коринфийн холбоонд нэгтгэсэн[6] өөрийн эцэг II Филипийг нас барсны дараа Македоны хаан ширээнд 20 настайдаа суужээ[7]. Өмнөд Грекийн хот улсуудын бослогыг дарж Македоны засаглалыг батжуулж, хойд хөршүүдийнхээ эсрэг богино боловч цус урсгасан аян дайн хийснийхээ дараа, Александр зүүн зүгт Ахеменидийн Персийн Эзэнт Улс руу хүлгийн жолоогоо эргүүлж, улмаар эзлэн авчээ. Тэрээр цааш Анатоли, Сири, Финик, Иудей, Газа, Египет, Согд, Месопотамийг байлдан дагуулж, эзэнт улсынхаа хилийг Энэтхэгийн Панжаб хүртэл тэлжээ.
Александр үхэхээсээ өмнө Арабын хойг руу аян дайн хийн, худалдаагаа өргөжүүлж, түүнийхээ дараа армиа баруун зүгт Карфаген, Ром, Иберийн хойг руу эргүүлэхээр төлөвлөж байв. Гэхдээ түүний эхний хүсэл эрмэлзэл нь зүүн зүгт багын багш Аристотелийн ярьж байсан ертөнцийн хязгаар, Гадаад Далай руу чиглэж байлаа.
Александр армидаа гадаадын олон иргэдийг нэгтгэж байсныг нь зарим судлаачид "үндэстнүүдийг холих бодлого" явуулж байсны илрэл гэж үздэг. Тэрээр мөн цэргүүдээ гадаадын иргэдтэй суухыг дэмжиж байсан бөгөөд өөрөө гадаадын хоёр ч гүнжийг авч суужээ.
Александр 12 жилийн турш аян дайн явуулсны эцэст, хумхаа, хор, гэдэсний хижиг, вирусын тархины үрэвсэл эсвэл архидалтын улмаас нас нөгцжээ.[8][9] Александрын өв, байлдан дагуулал түүнийг өнгөрснөөс хойш он удаан жил хадгалагдаж, алс нутгуудад хүртэл Грекийн суурьшил, соёлын нөлөөллийг олон зууны турш түгээсээр байв. Энэ үеийг Эллиний үе гэдэг ба энэ үед Грек, Ойрхи Дорнод, Энэтхэгийн соёл хосолж байсан онцлогтой. Александр өөрөө түүхэнд ул мөрөө тодоос тод үлдээж, грек болон грек бус соёлын домогт мөнхөрсөн ажээ. Түүний гавъяа нь Ахиллын уламжлалын домогт баатар гэж дүрсэлсэн утга зохиолын уламжлалд урам зориг өгсөн юм.[10] Хамгийн сонирхолтой нь эртний Монголчууд хүртэл Сулхарнай буюу хоёр эвэрт хаан гэдэг нэрээр түүнийг мэддэг байжээ. Энэ нь тэрбээр үнэхээр 2 эвэрт дуулга өмсдөг байсаныг нь эртний грекийн түүхчид баталдаг юм.