Парис
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Парис (Франц: Paris [paˈʁi]) нь Францын нийслэл бөгөөд тус улсын хамгийн их хүн амтай хот юм. Сена мөрөн Парис хотыг баруун (Rive Droite „баруун эрэг“) болон зүүн (Rive Gauche, „зүүн эрэг“) хэсэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн (заримдаа Парисын бүс буюу Région parisienne гэгддэг) төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт (1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй) 2013 оны 1-р сарын байдлаар 2.229.621 хүн амьдарч байсан нь Европын Холбооны том хотуудын жагсаалтад тавд, мөн Парисын aire urbaine буюу метрополи газар нутагт нь 12,4 сая хүнтэйгээрээ Лондоны дараа хоёрт ордог хүн шигүү суурьшсан хотуудын нэг юм.[5][6][7] Бусад Европын орны нийслэлтэй харьцуулахад харьцангуй бага талбайтай (105 км²) ба нэг километр квадрат талбайд 22.000 хүн оногдож байгаагаараа Европын хүн амын нягтаршил хамгийн өндөртэй нийслэл хот юм.



Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан төмөр замын буудалтай, Франц улсын зам, тээврийн чухал зангилаа хот юм. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтах ба ЮНЕСКО-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага болон Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төв байрууд ч энэ хотод байдаг. Парист дэлхийн сонирхлыг татсан алдарт Эйфелийн цамхаг, Парисын Дарь эхийн сүм, Луврын музей зэрэг байдаг нь аялагч, жуулчдыг ихээр татдаг. Жилдээ ойролцоогоор 16 сая гадаадын жуулчин Парист ирдэг учир Лондон, Бангкок хотуудын дараа орох хамгийн ихээр жуулчид ирдэг хотуудын тоонд ордог. Парис орчмын бүсэд (Иль-де-Франс) жилдээ 47 сая гаран гадаад дотоодын зочид ирж буцах бол 184 сая гаран нь хоногоор айлчилдаг байна.[8]
Өнөөгийн Парис хот нь 3-р зуунд Иль дө ла Сите арал дээр байсан Кельтийн суурингаас эхлэн хөгжсөөр ирэв. Сүүлд ромчууд Сена мөрний эрэгт нэгэн хотыг байгуулсан нь 6-р зуунд Франкийн эзэнт гүрний төв байжээ. 16-р зуунд Франциск I-ийн үед Парист соёл, урлаг цэцэглэн хөгжсөн үе байв. Абсолютизмын үед ялангуяа 17-р зуунд хаанчилж байсан XIV Луи санаачилгаар хотод олон шинэ барокийн барилга болон үзэмж төгөлдөр гудамж талбайгаар өргөтгөсөн нь барокийн үед хот тохижуулах үлгэр жишээ болж байжээ. Хэдийгээр 1682 онд хааны ордныг Версаль руу шилжүүлсэн ч, улс төр болоод эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй байснаас улсын төв хэвээр үлджээ. Францын хувьсгалын үе буюу 1789 оноос эхлэн Парис түүхэн үүрэг гүйцэтгэх болов. 19-р зуунд аж үйлдвэржилт нөлөөгөөр Парисын хүн ам огцом өсөж, 1846 он гэхэд нэг сая оршин суугчтай болсон байна. Дараагийн арван жилд сайхан эрин гэгчийн нөлөөгөөр зургаан томоохон үзэсгэлэн бий болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаx болов. Өнөөдөр Парис нь франц хэлтний нийслэл хот бөгөөд өрнө дахины чухал хотуудын нэг юм.
Remove ads
Түүx
Эртний Парис

Эрт үед Парис хотыг Лютециа (мөн Лютетиа ч гэx) гэж нэрлэдэг байв. Лютециад өнөөгийн Иль дө ла Сите гэж нэрлэгдэх арал дээр Паризий гаралтай хүмүүс суурьшин амьдарч байсан аж. Лютециа гэх нэрийг МЭӨ 53 оны сурвалж бичиг болох Галлийн дайны тэмдэглэл номын зургаадугаар дэвтэрт Юлий Цезарийн бичсэнээр хамгийн анх тэмдэглэгдэн үлджээ.
Ромчууд эхний удаа хотыг эзлэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа МЭӨ 53 онд тэд дахин хот руу довтлон ирэх үед, паризийчууд Лютециаг галдан шатааж, бүх гүүрийг нь эвдэн сүйтгэсэн аж. Ромчууд энэ удаа амжилттай эзэлсэн бөгөөд паризийчуудад арлыг нь үлдээн өөрсдөө илт давамгай байрлалд Сена мөрний зүүн эрэгт хотоо байгуулав. Тэнд хэд хэдэн терма, талбай болон амфитеатр баригдсан байна. Ромын эзэнт гүрний үед хотын нэр нь Цивитас Парисиорум (Civitas Parisiorum) эсвэл Парисиа гэх нэрээр танигдсан бол эзлэгдсэн галличуудад энэ нэр тухайн үедээ сонин биш байлаа.
Дундад зуун
5-р зуунд Меровингичүүд Ромын түрэмгийллийг төгсгөл болгов. 508 онд Парис Меровингийн эзэнт гүрний нийслэл хот болов. Каролингичүүдийн эзэмшилд байх үед Норманнчууд байсхийгээд л хот руу дайрдаг байж.
Шинэ эрин
16-р зууны эхээр I Франсуа хааны үед Парис бүх Францын нийслэл болжээ. 16-17-р зуунд татвар хураах болон бусад зорилгоор хотыг 16 дүүрэгт хуваасан. Тухайн үед орон нутгийн засаг захиргааны тэргүүний албан тушаал хаанд хамааралтай болжээ. 16-р зууны эцэс гэхэд хотод 300 мянга орчим хүн амьдарч байсан ажээ.
1671 онд XIV Луи хааны ордныг Парис хотоос Версаль руу шилжүүлсэн байна. 1702 онд хотыг 20 дүүрэгт хуваасан. 18-р зууны сүүлчээр хотын эргэн тойронд 5 метр хүртэл өндөр Татварын тариаланчдын ханыг барьж, худалдаачид төлбөр төлж хотод ордог байжээ. Энэ хэрэм 1860 он хүртэл засаг захиргааны хилийн үүрэг гүйцэтгэсэн юм.
19-р зууны хоёрдугаар хагаст дэлхийн 21 үзэсгэлэн болсны 5 нь Парист болсон юм. 1871 онд хоёр сарын турш хот Парисын коммуны мэдэлд орсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Парис хот Германы цэргүүдэд эзлэгдэж Елисейн талбай дээр Германы цэргийн жагсаал, Абвер нь Лютетиа зочид буудалд, Гестапо нь Ларистон гудамжинд байрлаж байв. Энэхүү эзлэн түрэмгийлэл 1944 оны 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилсэн бөгөөд генерал Леклерк Германы генерал фон Чолтицыг бууж өгөхийг хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар 1944 оны 8-р сарын 25-нд Шарль де Голль хотын захиргааны тагтан дээрээс "Парисыг гутаан доромжилж, Парис эвдэрсэн, Парис туйлдсан, харин Парис эрх чөлөөтэй байна!" гэжээ.
Remove ads
Газар зүй
Парис хотын 360° дэлгэсэн зураг, Эйфелийн цамхаг дээрээс зургийг авсан байдал
Уур амьсгал
Монсури (франц. parc Montsouris) цэцэрлэгт хүрээлэнгийн цаг уурын станцаас 1873 оноос хойш цаг уурын ажиглалтыг тасралтгүй хийж иржээ. Парис нь эх газрын уур амьсгалын сэрүүн бүсэд, хоёр эсрэг тэсрэг цаг уурын үзэгдлийн уулзварт оршдог: далайд ойрхон байгаа нь дулаан, чийглэг агаарын масс, эх газрын хүйтэн агаар ихэвчлэн хойд болон зүүн хойд зүгээс ирдэг байна. Жилийн дундаж температур 12.8 °C, хамгийн хүйтэн сар нь 1-р сар (+5.5 ° C), хамгийн халуун нь 7, 8-р сар (+21 ° C), жилийн дундаж хур тунадас 600 мм байна. Хамгийн их хур тунадас 5-р сар (64.9 мм), хамгийн бага хур тунадас 2-р сард 43.7 мм ордог байна. Олон жилийн ажиглалтаар жилийн 111 өдөр бороотой, 18 өдөр аянга цахилгаантай аадар бороо, 11 өдөр цас ордог. Хэт их ачаалал, бохирдлоос үүдэлтэй Парисын бичил уур амьсгал нь агаарын температур (бүс нутгийн дундаж температураас дунджаар 2 ° С өндөр, ялгаа нь 10 ° C хүрч болно), чийгшил багатай, өдрийн гэрэл бага бүрхэг, шөнө нь гэрэл гэгээтэй цэлмэг байдаг.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Парис
Эх сурвалж: Météo-France; Агаарын чийгшилт, нартай цагийн үргэлжлэх хугацаа: wetterkontor.de |
Remove ads
Хүн ам
2015 оны байдлаар Парис хот 2,666,666 хүн амтай байв. Энэ нь тус улсын нийт хүн амын 3,6% юм. Мөн үүнээс 350 мянган гадаад хүн амьдарч байсан нь хотын хүн амын 15% орчим юм. Эдгээрийн 30% ЕХ-ны иргэд, 20% Алжир, Марокко, Тунис улсаас ирсэн цагаачид байдаг ажээ.
Эдийн засаг
2006 оны байдлаар €500.8 тэрбум (US$628.9 тэрбум) ҮНБ-тай байсан бөгөөд энэ нь нийт Францын дөрөвний нэг юм байна. Парисын бүсийн олон бизнесийн дүүрэгт Fortune Global-ын 500 компанийн 36 нь байрладаг.
Үзмэрүүд
Цахим холбоос
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads