Опел

From Wikipedia, the free encyclopedia

Опел
Remove ads

Адам Опел хувьцаат компани нь Германы автомашин үйлдвэрлэгч бөгөөд 1929 онд хувьцаат компани болсон цагаасаа хойш Америкийн Нэгдсэн Улсын автомашин үйлдвэрлэгч концерн болох Женерал Моторс (анг. General Motors-GM, монгол товчлол: ЖМ) компанид харьяалагдах болсон. Европт нийт 35.000 ажилчин (үүнээс 19.000 гаруй ажилчин германд, энэ тоон үзүүлэлт нь 2013 оны 12 сард гарсан болно) Опелд ажилладаг ба энэ тоогоороо дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож явдаг. Германы Кайзерслаутерн, Айзенах (герм. Кaiserslautern, Eisenach) зэрэг хотуудад үйлдвэрийн салбартай ба хамгийн анхны үйлдвэр байгуулагдсан газар нь германы Рюсселсхайм хот бөгөөд одоо ч энэ хотод компанийн төв нь байрладаг. Бохум хотод байсан салбар үйлдвэрийг ЖМ компани зардал хэмнэх үүднээс 2014 онд хаасан. Германаас гадна европ даяар нийт долоон үйлдвэрт Опелыг үйлдвэрлэдэг, зарим үйлдвэрт нь Опелын эд анги болон сэлбэгийг үйлдвэрлэн толгой компани ЖМ болон ЖМ-н бие даасан охин компани Адам Опелд нийлүүлдэг. Зарим нэг загварыг европоос гаднаx ЖМ-н салбар охин компани болох ЖМ-Солонгос (анг. ЖМ-Солонгос эсвэл гэрээт үйлдвэрлэгчдээсээ (SOVAB, Магяр Сузуки болон Тофас) худалдаж авдаг. 2005 онд Адам Опел ХХК гэсэн аж ахуйн нэгж болсон боловч сүүлд 2011 буцаад хувьцаат компани болсон.

Quick facts Opel Automobile GmbH Опел Автомобиле ХХК, Эрх зүйн хэлбэр ...
Thumb
Опелын Адамд зориулсан хөшөө, Рюсселсхайм хот Опелын үйлдвэр

2017 оны гуравдугаар сард PSA групп нь Германы Опел ХК, Их Британийн автомашин үйдлвэрлэгч Воксхолл Моторс болон европ дахь санхүүгийн байгууллагын хамтаар Женерал Моторс компаниас худалдан авах, мөн одоо зөвхөн харьяа албадын зөвшөөрлийг хүлээж буйгаа мэдэгдсэн юм. Европын Холбооны Комисс 2017 оны долоодугаар сарын 5-нд[5] худалдан авах зөвшөөрөл олгосон ба үүний хүрээнд ПСА групп түрдээ Опел Автомобил ГмбХ болгон эрх зүйн хэлбэрийг өөрчилсөн байна.

Remove ads

Tүүxэн замнал

1862 он: Адам Опел оёдлын машины үйлдвэрлэлийн эхлэл

Thumb
Адам болон Софи Опел хуримаа хийсэн жил (1868 он)

Опелын Адам нь түлхүүр, цоожны мастер Вилхелм Опел Филиппийн хамгийн том хүү болон Рюсселсхайм хотод төрсөн. Тэрээр аавынхаа жижиг цехэд мэргэжлийн сургалт дүүргээд 1857 онд мэргэжлээ бататгахаар Люттих, Брюссель, Англи болон Парисаар явжээ. Ингэж явахдаа эхлээд трезорын (үнэт эдлэлийн сав) фабрикт, дараа нь өөрийн төрсөн дүү О. Георгтэй хамт Journaux & Leblond-ын оёдлын машины үйлдвэрт ажиллав. Ах дүү хоёр 1862 оны эхээр Huguenin & Reimann-ы оёдлын үйлдвэр лүү ажлаа солин иржээ. 1862 оны намар О. Адам гэртээ буюу Рюсселсхайм хотдоо ирэн аавынхаа цехэд өөрийн анхны оёдлын машины үйлдвэрлэлээ эхэлжээ. Тэрээр 1863 оны хавар эцгийнхээ цехээс тусдаа гарч, үхрийн саравчаа оёдлын машины үйлдвэр болгон өөрчлөөд үйлдвэрлэлээ явуулсан ба Парист үлдсэн дүү О. Георг нь түүнд хэрэгтэй тусгай ган, зүү эсвэл бариул гэх мэтийг явуулдаг байв. Оёдлын машины үйлдвэртээ тэрээр их цагийг зориулсан байна. 1868 онд эхнэр Софи Мари Шеллертэй гэр бүл болсны дараа Адам Опел оёдлын машины үйлдвэрлэлээ албан ёсоор бүртгүүлсэн ба яг тэр жилдээ төмрийн цутгуурын үйлдвэр болох Lallement & Cie компанийн хувьцааны талыг худалдан авчээ. Ингээд 1880 он хүртэл нийт 20.000 гаран оёдлын машин үйлдвэрлэсэн байна. 1885 онд нийт 300 ажилчинтайгаар жилдээ 18.000 ширхэг оёдлын машин үйлдвэрлэж байжээ. 1895 онд компанийг үндэслэгч О.Адам нас барсан ба түүний бэлэвсэн эхнэр нь таван хүүтэйгээ (Карл, Вилхелм, Хайнрих, Фритц, Лудвих) хамтран үйлдвэрээ цааш үргэлжлүүлэн ажиллуулж байв.

Оёдлын машины үйлдвэрлэлээр цаашид явахгүй нь гэдэг нь 1900 он гэхэд ойлгомжтой болсон байна. Тухайн үед германы оёдлын машины үйлдвэрлэл асар хүчтэй хөгжиж их хэмжээгээр гадагш гаргадаг байж. 1863-1911 оны хооронд Опел нийт нэг сая оёдлын машин үйлдвэрлэжээ. 1911 онд тус үйлдвэрт гал гарч юу ч үгүй болсны дараа оёдлын машин ахин үйлдвэрлэхээ зогсоон зөвхөн унадаг дугуй болон моторт тэрэгний үйлдвэрлэлээр дагнан ажиллаж эхэлжээ.

1886-1940 он: Опел унадаг дугуйны үйлдвэрлэл

Опелын хүүхдүүд эцгийнхээ зохион бүтээсэн унадаг дугуйг ихэд сонирхдог байсан учир тэрээр 1886 онд анхныхаа унадаг дугуйг үйлдвэрлэсэн байна. Энэ унадаг дугуй нь их өндөр хийцтэй унадаг дугуй байлаа. 1898 он гэхэд 1200 гаран ажилчинтайгаар жилдээ 25.000 оёдлын машин мөн 15.000 унадаг дугуйг үйлдвэрлэж байв. 1911 онд үйлдвэрт гарсан галаас болж хэсэгтээ үйлдвэрлэлээ зогсоосон байснаа 1912 оноос эхлэн унадаг дугуйны үйлдвэрлэлээ ахин сэргээн ажиллуулжээ. Опелын Адамын таван хүү унадаг дугуйг өргөн дэлгэрүүлэх үйлд их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. 1920 он гэхэд Опелын унадаг дугуйны үйлдвэр нь дэлхийн хамгийн том унадаг дугуйны үйлдвэр болтлоо өргөжин хөгжсөн байна. Мөн унадаг дугуйнаас гадна моторт унадаг дугуй үйлдвэрлэдэг байв. 1936 онд унадаг дугуйны үйлдвэрээ Неккарсулм хотын моторын үйлдвэрт зарсан.

1898-1928 он: Германы хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болон хөгжсөн нь

Thumb
Опелын патент бүхий анхны машин 1899-1901 он

1898 онд компанийг үндэслэгч О. Адам хорвоог орхин одсоноос хойш гурван жилийн дараа түүний эхнэр Софи Опел нь автомашин үйлдвэрлэх шийдвэрийг гаргасан. Үүний тулд Саксон-Анхальт мужийн моторт тэрэгний үйлдвэрийг худалдаж авсан байна. Ингээд анхныхаа автомашиныг Рюсселсхайм хот буюу төв компанидаа үйлдвэрлэж эхлэв. Анхандаа төрөл бүрийн мотор болон автомашины их бие болон жижиг ачааны автомашинаар үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Автомашинд угсрагдаж байгаа моторын чадал нь үсрээд л 40 км/ц хурдтай явах боломжийг олгодог байв. Энэ нь тухайн үедээ үсрэнгүй хөгжсөн Францын моторт тэрэгтэй өрсөлдөх чадварын хувьд муу байсан учир хэсэгтээ автомашиныхaa үйлдвэрлэлийг зогсоов.

1902 онд Францын автомашины үйлдвэр Дарракктай Опел хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанаар Опел-Дарракк хэмээх маркийн автомашин үйлдвэрлэж эхлэв. Энэ гэрээ нь 1907 хүртэл үргэлжилсэн. Үүний хажуугаар 1902 онд 10/12 морины хүчин чадал бүхий 1,9-литрийн багтаамж, 2 цилиндртэй мотортой автомашиныг дангаараа зохион бүтээсэн байна. 1904 онд Опел-Дарракк-ийн хамтарсан анхны 4 цилиндртэй, 30-32 морины хүчтэй автомашиныг нийтэд танилцуулсан. 1907 онд болсон германы эзэн хааны нэрэмжит автомашины уралдаанд Опелын 60 морины хүчтэй автомашин түрүүлэн германы эзэн хааны шагнал хүртсэнээр хааны ордонд Опелын үйлдвэрлэсэн автомашиныг нийлүүлж байх эрxийг хүлээн авч байжээ.

Thumb
Опел 8/30 1911 он (2012 онд авсан зураг)

1911 онд Опел автомашины үйлдвэрлэлээс гадна 60 морины хүчтэй анжис чирэгчийг үйлдвэрлэсэн ба энэ нь тухайн үедээ ХАА-н техникт нэлээд нэрд гарч байв. 1912 онд Опел нийт 3000 ажилчинтайгаар 30.000 унадаг дугуй 3000 автомашиныг жилдээ үйлдвэрлэж байлаа. Үйлдвэрлэлийн суурь талбай 73.000 м² байсан. Брюсселийн автомашины үзэсгэлэнд 1912 онд 24-30 морины хүчтэй суудлын тэрэгтэйгээр оролцсон. 1914 онд дэлхийн 1-р дайны үед Опел автомашины үйлдвэрлэлээ зогсоолгүй авч үлдэн 8-22 морины хүчтэй мөн 9-25 морины хүчтэй автомашины загваруудыг үйлдвэрлэж байсан. 1919 онд Опелын үйлдвэрлэсэн анхны 6 цилиндр бүхий 21-55 морины хүчтэй суудлын тэргийг нийтэд танилцуулсан ба үүнийг 1924 он хүртэл үйлдвэрлэсэн. 1924 онд Опел үйлдвэрээ шинэчлэн урсгал үйлдвэрлэлийн системийг оруулсан нь тухайн үедээ германы бүх автомашин үйлдвэрлэгчид дотроос хамгийн анxдагч болон үйлдвэрлэлийн зардлыг бууруулаx арга хэмжээг аван мөн их хэмжээгээр үйлдвэрлэx боломжтой болсон. Энэ үедээ ихээхэн амжилттай борлуулалттай байсан 4 морины хүчтэй Опел Лаубфрош (герм. Laubfrosch) гэсэн загвараа их хэмжээгээр үйлдвэрлэж гаргасан.

О. Адамын хүү Фритц нь үндсэн ажлынхаа хажуугаар машин тестлэгч жолоочийн ажлыг давxар хийдэг байсан бөгөөд энэ сонирхолдоо хөтлөгдөн ракетэн хөдөлгүүрт машиныг зохион бүтээх ажилд шамдан зүтгэж байгаад 1928 түүний зохион бүтээсэн РАК 2 (Ракетэн хөдөлгүүрт автомашин) автомашиныг Берлин хотын хурдны зам дээр 238 км/ц-ын хурдтай явж шинээр рекорд тогтоож байжээ. Үүнээс хойш нэг жилийн дараа Оpel-Sander RAK 1 хэмээх загварын нисгэгчгүй онгоцыг (бүрэн автомат удирдлага бүхий онгоц) Франкфурт хотын нисэх онгоцны талбайд туршсан бөгөөд энэ төрлийн онгоцыг дэлхийд анх удаа нисгэсэн компани болон бүртгэгдсэн. 1924-1928 оны хооронд Адам Опел компанид ажиллаж байсан ажилчдын тоо 2400-с 9400 болон өсөж 42.771 ширхэг автомашиныг үйлдвэрлэн гаргаж байсан нь германы тухайн үеийн зах зээлд гарч байгаа нийт автомашины 27,5 хувийг эзэлж, энэ тоогоороо германы хамгийн том автомашин үйлдвэрлэгч болж байв.

Мотоциклийн үйлдвэрлэл

Автомашины үйлдвэрлэлээ эхэлсэний дараахан Опел моторжуулсан хоёр дугуйтын үйлдвэрлэлийг бас эхэлсэн. Опелын анхны мотоцикл нь 2 морины хүчтэй байсан бөгөөд 1901 онд Рюсселсхаймын үйлдвэрээс 700 Д-Маркийн (дойч марк) үнэтэйгээр гарч байжээ. Дэлхийн 1-р дайны дараа мотоциклийн үйлдвэрлэлээ хэсэг хугацаанд зогсоосон. 1920 оны дундуур Опел мотоциклийн үйлдвэрлэлээ Саксон (герм. Sachsen) муж руу төвлөрүүлсэн. 1928 онд Саксон мужийн Элите-Диамант хэмээx унадаг дугуйны үйлдвэрийн ихэнх хувьцааг худалдаж авчээ. Энэ нь шинэ салбар үйлдвэрийн суурь болж өгсөн. Энэ үйлдвэрээс нэг их удалгүй 16 морины хүчтэй, 500 см³ багтаамжтай металл хоолой бүхий рамтай мотоциклийг Опелын эмблемтэйгээр худалдаанд гаргасан. Тэр жилээ бас нэг хувилбар болох шахмал рамтай Опел Мотоклуб 500 нэртэй мотоциклийг их хэмжээгээр үйлдвэрлэн гаргасан. Энэ мотоцикл нь тухайн үедээ их ч орлого авчрав. Хэдийгээр энэ загвар нь амжилттай үйлдвэрлэгдэж байсан ч ЖМ энэ салбар үйлдвэрийг буцаан зарсан нь 1901 оноос хойш 20 гаруй загварын 6000 гаруй худалдагдсан мотоциклийн үйлдвэрээсээ салаxад хүргэжээ. Үүнтэй холбоотойгоор цаашид үйлдвэрлэхээр бэлэн болсон загваруудаа ч үйлдвэрлээгүй юм.

Ачааны машин болон онгоцны моторын үйлдвэрлэл

1909 онд Опел ачааны автомашины үйлдвэрлэлээ эхлээд 1910 онд анхныхаа хөнгөн ачааны автомашинаа хэрэглэгчдэд нийлүүлсэн. Анхандаа зөвхөн 1,5 тонны даацтай ачааны автомашин үйлдвэрлэж эхлээд дараа жил нь 1911 оноос эхлэн 3,5 тонны даацтай 30 морины хүчтэй ачааны автомашин үйлдвэрлэсэн нь нэлээд амжилттай зарагджээ. Энэ загвар нь мөн автобус загвартайгаар ч хийгдсэн. 1911 онд Рюсселсхаймд гарсан галаас улбаалан энэхүү ачааны автомашины загвараа 1911-1918 он хүртэл гал командын зориулалттайгаар бас үйлдвэрлэсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед мөн 4,5 тонны даацтайгаар бас үйлдвэрлэв. 1915-1918 оны хооронд 4000 гаран ажилчинтайгаар Рюсселсхаймд 4453 ачааны автомашин, 2391 суудлын автомашин болон ойролцоогоор 6000 гаран онгоцны моторыг үйлдвэрлэн нийлүүлсэн. 1918 онд Францын армид эзлэгдсэний улмаас ачааны автомашины үйлдвэрлэлээ зогсоосон. Дараа нь 1923 хямралын жилүүдэд ачааны автомашины үйлдвэрлэлээ бүрэн хаасан. Сүүлд 1927 онд жижиг 2,5 тонны даац бүхий ачааны автомашин үйлдвэрлэж эхэлсэн. Үүний дараа 1930 онд Блитц (герм. Blitz, монг. аянга) нэртэй ачааны автомашин үйлдвэрлэж нэлээд ашигтай ажиллажээ.

1929-1945 он: Женерал Моторс-д худалдагдсан болон дэлхийн 2-р дайны үе

1928 онд Опелын үйлдвэрлэсэн автомашины тоо нь нийт германд үйлдвэрлэгдэж байгаа автомашины 44%-ийг эзэлж байсан учир энэ тоогоороо германы хамгийн том автомашины үйлдвэрт тооцогдож байлаа. 1928 оны 12 сарын 3-нд Опел компанийн аж ахуйн нэгжид өөрчлөлт орон хувийн компани гэсэн аж ахуйн нэгжээс хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Үндсэн хөрөнгө нь 60 сая марктай байсан. 1927 оны 3 сарын 17-нд Опелын Вилхелм болон түүний дүү Опелын Фриедрих нар компанийнхаа нийт хувьцааны 80 гаруй хувийг америкийн автомашины үйлдвэрлэгч Женерал Моторст зарсан байна. Женерал Моторс 1931 он гэхэд үлдсэн бүх хувьцааг худалдан авч 100% Женерал Моторсын харьяалалд очжээ. Ийм шийдвэр гаргах шалтгаан нь тухай үеийн дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан. Зарсан үнэ нь тухайн үедээ асар өндөр үнэ болох 33,352 сая ам доллар буюу 154 сая Райхсмаркаар (өнөөдрийн ханшинд шилжүүлж тооцвол 509 сая евро) Женерал Моторст худалдсан байна. Хэдийгээр ах дүү хоёр Опел, компаниа зарсан боловч өөрсдөө тэр компанийнхаа удирдлагын зөвлөлийн дарга болон гишүүнээр үлдэж чадсан байдаг. Үүнээс гадна компанийнхаа нэрийг Опел хэвээр нь хадгалж авч үлдсэн байна.

1945-1960 он: Шинэ эхлэл Рюсселсхайм

Thumb
Опел ХК-ы үйлдвэрлэсэн Frigidaire хөргөгч 1946 он

1945 оны 7 сараас эхлэн америкт эзлэгдсэн хэсэгт харьяалагдаж байсан учир америкийн армийн удирдлагын зааврын дагуу, дайнаас үлдсэн 1500 орчим суудлын тэргийг гурван жил орчим засварлах даалгаварыг, ганц бүтэн үлдсэн Рюсселсхаймын үйлдвэртээ хийж гүйцэтгэсэн. Опел 1946 оноос эхлэн Фригидайре (герм. Frigidaire) нэртэй хөргөгчийг үйлдвэрлэсэн. Энэ хөргөгчний үйлдвэрлэл 1959 он хүртэл үргэлжилсэн. 1945 онд Опел, ганцхан ширхэг автомашин үйлдвэрлэсэн хэмээн компанийн түүхэнд бичигдэн үлджээ. Дайны дараах анхны Опел нь Блитц нэртэй 1,5 тонны даац бүхий жижиг ачааны тэрэг нь 1946 оны 7-р сарын 15-нд хагас нь дайнд нэрвэгдсэн үйлдвэрээс үйлдвэрлэгдэн гарсан байна. Опелын Кадеттын салбар үйлдвэр нь орост эзлэгдсэн тал болох германы Бранденбург мужид байсан ба түүнийг оросууд өөрийн нутаг руугаа нүүлгэн авч тэндээ Oпел Кадеттыг Москвич 400 нэртэйгээр үйлдвэрлэх болсон байна.

1960-1980 он: Амжилтын үе буюу зах зээлийн тэргүүлэгч

Фолксваген - Кэфер (Фолксваген - Цоx загвар буюу түүний хэлбэрээр ийнхүү нэрлэсэн) загвар нь энэ үеийн автомашины зах зээлийн ихэнх хувийг эзэлж байхад түүнтэй өрсөлдөх чадвар бүхий шинэ загварын Кадеттыг 1950-д оны сүүлээр зохион бүтээн, 1962 оны дундаас эхлэн шинээр ашиглалтанд орсон Бохумын үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн. Энэ Кадеттын сурталчилгааг маш сайн хийсэн (,,Опел Кадетт - богинохон хэлбэр: О.К.“) учир анх заx зээлд гарсан цагаасаа л амжилттай зарагдсан. 1964 оны эхээр Опел Капитен нь хоёр том "ахтай" (Адмирал, Дипломат) болсон. Энэ гурвыг КАД-ын үе (Капитен/Адмирал/Дипломат) гэж нэрлэдэг бөгөөд эдгээр загвар нь 1977 он хүртэл борлуулалтын тоогоороо германы автомашины зах зээлийг тэргүүлж байжээ. Тиймээс ч 1960-1970 онуудад Опелын хөгжлийн үе байсан ба тухайн үеийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Фолксвагены дараа хоёрдугаарт бичигдэж байв. Зарим нэг загвар нь зах зээлд борлуулалтын тоогоороо тэргүүлж байсан. 1964 оны 7 сарын 9-нд Опелын үйлдвэрээс таван сая дахь автомашин үйлдвэрлэгдэн гарсан байна.

1980-2008 он: Захиалга багассан үе болон чанарын асуудлын эхлэл

Thumb
Опел Кадетт-Д (1979–1984)

Персийн булангийн дайнаас улбаалан үүссэн анхны газрын тосны хямрал нь 1980-1982 он хүртэл бүх автомашины үйлдвэрлэлийн салбарт хүндээр туссан ба үүнийг 1929-1930 оны дэлхийн эдийн засгийн хямралтай харьцуулахад түүнээс 20 орчим хувиар илүү хүндээр туссан жилүүд байлаа. Тиймээс энэ хямрал Опелыг ч тойроогүй бөгөөд 1950 оноос хойш анх удаа улаан тоо (ашиггүй ажиллаx) бичиж эхэлсэн: 1980 онд 411 сая ДМ. Бараг 7000 гаран ажилчинг ажлаас халсан. Ганцхан шинэ гарсан урдаа хөтлөгчтэй Опел Кадетт-D хангалттай борлуулагдаж байв. 1970-аад оны дундуур VW-Поло болон Ford Fiesta жижиг тэрэгний зах зээлийг тэргүүлж байсан бол 1983 оноос эхлэн энэ ангилалд Опел Корса амжилттай өрсөлдөж эхэлсэн байна. Энэ загварыг анх 1983 онд Испанийн Сарагосса хотод байрлах ЖМ-ын салбар үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 10 жилийн дараа буюу 1993 оноос эхлэн германы Айзенах хотод байдаг Опелын салбарт үйлдвэрлэж эхэлжээ.

1990 онд Опел-Концернд нийт 57.400 ажилчинтайгаар жилийн 23.708 тэрбум ДМ-ийн эргэлтийн хөрөнгөтэй байсан.

Thumb
Опел Омега А (1986–1993)
Thumb
Опел Астра F (1991–1998)

1980 оны сүүлээр Опелын менежер Жосе Игнацио Лопез де Арриортуагийн шийдвэрээр хэмнэлт хийх арга хэмжээ авсан нь буруудан чанарын асуудал гарган түүгээр ч барахгүй компаний нэр хүндэд муугаар нөлөөлсөн алхам болов. Үүнээс хойш гарсан энэ төрлийн асуудлыг Лопез-Эффект гэж нэрлэх болсон ба энэ нь Рекорд, Кадетт, Омега болон Астра-д ихээр илэрч тэр бүрд буцаан дуудаж маш их хэмжээний хохирол учирсан. Лопез нь үүний дараа VW-руу менежерээр ажлаа сольсон бөгөөд түүнийг компанийн чухал баримт бичгийг Фолксваген компани руу авч яван тэнд хэрэглэсэн хэмээн шүүхэд өгсөн байна.

Шинэ загварын муу бодлого, удирдлагын зөвлөлийн олон ойрхон солигдолт нь (ихэнх нь ЖМ-оос томилогдсон америк дарга нар) компанийн имижийг улам унагах шалтгаан болсон. Жишээ болгон харьцуулалт хийхэд: Фолксваген XК нь 1948-2008 оны хооронд нийт 8 захирал сольсон (60-жилийн хугацаанд), Луфтханза (германы иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани) 1954-2013 оны хооронд зөвхөн зургаан захирал солигдож байсан бол Опел ХК 1970-2013 оны хооронд нийт 16 ерөнхий захиралтай байсан байна.

2008-2010 он: Эдийн засгийн хямрал болон Женерал Моторс компаниас тусдаа гарах гэсэн амжилтгүй оролдлого

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан Женерал Моторс компани нь санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнтэй холбогдуулан Опел толгой компани болох ЖМ-оос тусдаа гарах төсөл боловсруулан германы засгийн газар өргөн барьсан. Энэ төслийн хүрээнд ажилчдын тоог багасгах, мөн ЖМ-т патентын, болон хөгжлийн төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлж барагдуулах, энэ төлбөрийн эх үүсвэрийг улсаас зээлээр авах талаар тодорхой тусган 2009 оны 3 сарын 2-нд өргөн барьсан. Гэвч Бундес Канцлер хатагтай Ангела Меркель нь Рюсселсхаймд айлчлахдаа хийсэн мэдэгдэлдээ, улс Опел ХК-ниас хувь эзэмших сонирхолгүй бөгөөд тэнд ажиллаж байгаа ажилчдын ирээдүй нь (хэрэв Опел дампуурал зарлан бүх ажилчид ажилгүй болсон тохиолдолд) улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь бага хэмээн зээл өгөхөөс татгалзсан ба харин өөр хөрөнгө оруулагч олсон тохиолдолд улсаас хөрөнгийн баталгаа гаргаж өгөх боломжтой хэмээн мэдэгдэл хийсэн байна. Ингээд удалгүй 2009 оны 5 сард италийн Фиат компани, ОУ-ын автомашины ханган нийлүүлэгч Магна нь ОХУ-ын Сбербанктай хамтран мөн АНУ-ын Рипплевоод Холдингс гэсэн гурван баг худалдаж аваx саналаа гаргасан байна. Гэвч 2009 оны сүүлээр ЖМ улсад өрөө төлж барагдуулсаныхаа дараа Опелын 65%-ын хувьцааг буцаан худалдаж авсан бөгөөд гуравдагч хөрөнгө оруулагчаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

2011 оноос хойш: Хувьцаат компанид хувирсан болон ерөнхий захирал Карл-Томас Нойманны үе

Thumb
Опел Адам (2012 оноос хойш)

2005 оноос хойш Адам Опел ХХК-ийн хэлбэртэй байснаа 2011 оны эхээр буцаан хувьцаат компани болов. 2013 оны 04 сарын 10-нд ЖМ компаниас гаргасан тогтоолын дагуу герман болон европын холбоонд байгаа Опелын үйлдвэрүүдэд 2016 он хүртэл нийт 4 тэрбум евроны хөрөнгө оруулалт хийхээр болов. Энэ мөнгийг 23 төрлийн шинэ автомашины загвар болон 13-шинэ моторт хөрөнгө оруулахаар болсон. Энэ хөрөнгө оруулалтын эхлэлийг 2012 оны намар дунд гарын жип болох Мокка болон түүний дараа 2013 оны 4-р сард Опел ХК-ийн хамгийн жижиг автомашин болох Адамыг худалдаанд гаргасанаар эхэлсэн юм.

2017 оны хоёрдугаар сараас эхлэн хэвлэлээр францын ПСА-групп Женерал-Моторсоос худалдан авах хэлэлцээ явгдаж буй талаар гарчээ.[6]

Remove ads

Компани

Thumb
2005 оны ОУ-автомашины үзэсгэлэн худалдаанд дээрх Опелын хэсэг
Thumb
Опелын автомашин тестлэх талбай

Марк

Опел нь ЖМ-ын европ дахь үндсэн марк юм. Гадаад их биеийн бага зэргийн ялгааг эс тооцвол Их Британийн Нэгдсэн Вант Улс болон хойд Ирландад үйлдвэрлэгддэг Воксхолл (анг. Vauxhall) загварууд үндсэндээ адилхан. Опелын автомашинууд Умард Африк, БНХАУ, Израил, Сингапур, Өмнөд Африк, Чили болон Ойрх Дорнодын улсуудад худалдаалагдаж байна.

Ажилчид болон үйлдвэрлэлийн салбар газрууд

Oпелийн хамгийн том үйлдвэр нь Рюсселсхаймын үйлдвэр бөгөөд 2002 он хүртэл нийт 750 сая евроны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийн дэлхийн шилдэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрүүдийн нэг болсон.

More information Нэр Үйлдвэрлэлийн байршил, Үйлдвэрлэж эхэлсэн ...

Опел-Шинэ зарагдсан автомашины тоо (Германд)

More information Он, Автомашины тоо хэмжээ (харьцангуй) ...
Remove ads

Эмблемийн түүхээс

Хамгийн анхны Опелын бэлгэдэл нь О үсгэн дотор А үсгийг хээ мэт хэлбэртэй байсан нь тус үйлдвэрийг үндэслэгч Адам Опелын нэрний эхний үсгүүд байв. А үсэг нь хүрэл, О үсэг нь улаан өнгөтэй байжээ.

1886 оноос эхлэн ялалтын дарь эх Викториагийн дүрсийг унадаг дугуйн эмблемээр ашигласан байна. Энэ зурагны дээд хэсэгт „Викториа Блитц“ харин доод талд нь Адам Опел нэрийг бичжээ. 1909 оноос эхлэн Опел нэрээ дангаар нь хэрэглэж эхэлжээ. Жилийн дараа компанийн бэлгэдэл ахин өөрчлөгдөн лаврын навчин дотор хөх нүдийг дүрслэн түүн дотор Опел нэрээ томоор бичин хэрэглэх боллоо.

1935 оноос эхлэн тэдний хөгжлийг илэрхийлэх чамин хэлбэрт цеппелиний дүрсийг, шар өнгийн цагирагаар (дугуйн дүрсний бэлгэдэл) хүрээлэн хэрэглэв. Цеппелинээ хөдөлгүүрийн бүрхүүлийн хэвээр ч бас ашигласан байна.

1960-аад оноос эхлэн цеппелин нь аянга болон хувирч эхэлжээ. 1963 оноос эхлэн аянга нь Опелын албан ёсны эмблем боллоо. Энэ үеийн тээврийн хэрэгсэлдээ ашиглаж байсан эмблем нь эхэндээ бичиггүй, зөвхөн аянгын дүрс байсан ба хэв маяг, материал, харьцааны хувьд ч өөр өөр хэмжээтэй бэлгэдлийг ашигласаар байжээ.

2007 онд өнөөгийн логог Опел GTC концепт загвартаа хэрэглэн танилцуулсан ба энэ удаа аянгын дээд талд Опел нэрийг шигтгэн бичсэн байна. 2008 оноос бүх загвартаа энэхүү эмблемээ ашиглаж байна.

Загвар

Загварын нэр

Автомашин үйлдвэрлэж эхэлсэн 1930 оноос Опел автомашиныхаа нэрийг ихэвчлэн 4/12PS (4-жолоодох хүч, морины хүчээр; 12- жинхэнэ хүч; PS-морины хүч гэсэн герман үг) загвараар өгч байжээ. Энэ нь ихээхэн төвөгтэй нэршил байсан учир 1931 оноос эхлэн цилиндрийн эзэлхүүний хэмжээг (жишээ нь 1,2 литр) оронд нь хэрэглэсэн боловч энэ нь 1937 он хүртэл л үргэлжилсэн байна. Ингээд 1935 онд үйлдвэрлэсэн загвартаа Олимпиа хэмээх нэр өгсөн учир нь 1936 онд болох Берлиний зуны Олимпын тоглолтыг бэлэгшээн өгчээ. Түүний дараах загвар ч мөн энэ нэртэйгээр үйлдвэрлэгдсэн.

1930-1980-аад он хүртэл усан цэргийн цолыг (Капитен, Адмирал, Кадетт) мөн албаны нэрийг (Дипломат, Сенатор) сонгож өгдөг байв. 1980-аад оноос эхлэн нэрийн сонголтоо өөрчлөн О-г загварын ерөнхий тэмдэглэгээ болгоод А-гаар төгссөн үгийг сонгох болсон. Гэхдээ үүнд зарим нэг загварууд хамааралгүй (Сигнум, Монтереи, эсвэл Спеедстер г.м.) нэрүүд ч бий.

2012 оноос эхлэн Опел ХК нэр сонгохдоо компанийг үндэслэгч Опелын гэр бүлийнхэний нэрийг хэрэглэж байна (Жишээ нь: Адам Опел болон Карл Опел г.м.).

Түлхүүрийн (Үйлдвэрлэлийн) дугаар

Холбооны зам тээврийн яамнаас Опелын ихэнх суудлын тэргэнд үйлдвэрлэлийн дугаар (герм. Herstellerschlüsselnummern-HSN) болох 0035 болон 0039 хэрэглэдэг. Мовано-ийн дугаар нь HSN 3041 дугаарт жагсаагдах ба ихэнх Фронтера-загварууд болон Исузу-н дугаар HSN 2127 гэсэн дугаарын жагсаалтанд байдаг. Зарим нэг Корса-загвар HSN 7526 гэсэн жагсаалтанд байдаг. Ганцхан Опел GT 2.0 нь GM-HSN 1006 гэсэн дугаарын жагсаалтанд бүртгэгдсэн байдаг.

Он тооллын дарааллаар

Загварын түүх

More information Үйлдвэрлэсэн загвар, Тайлбар ...
Remove ads

Ном, сурах бичиг

  • Hans-Jürgen Schneider: Autos und Technik: 125 Jahre Opel . Verlag Schneider + Repschläger, Weilerswist 1987, ohne ISBN. 472 S., zahlreiche Illustrationen.
  • Peter Schirmbeck (Hrsg.): Morgen kommst Du nach Amerika. Erinnerungen an die Arbeit bei Opel 1917-1987. Verlag J. H. W. Dietz Nachf., Berlin 1988, ISBN 3-8012-0128-7.
  • Eckhart Bartels: Opel, Fahrzeug-Chronik von 1887 bis 2000. (Fahrräder, Motorräder, Personenwagen und Lastwagen), Podszun Verlag, Brilon 2000, ISBN 3-86133-146-2.
  • Wolfgang Schmarbeck, Bodo Fischer: Alle Opel Automobile seit 1899. Motorbuch Verlag, Stuttgart 1996, ISBN 3-613-01478-5.
  • Opel seit 1899. Motorbuch Verlag, Stuttgart 2007, ISBN 978-3-613-02804-3.
  • Alexander Franc Storz: Typenkompass – Opel Personenwagen seit 1945. Motorbuch Verlag, Stuttgart 2008, ISBN 978-3-613-02930-9.
  • Eckhart Bartels, Rainer Manthey: Typenkunde – Opel Klein- und Mittelklassewagen ab 1962. Band 1, Delius Klasing Verlag, 2005, ISBN 3-7688-1637-0.
  • Eckhart Bartels, Rainer Manthey: Typenkunde – Opel Mittel- und Oberklasse ab 1947. Band 2, Delius Klasing Verlag, 2006, ISBN 3-7688-1726-1.
  • Eckhart Bartels: Opel Militärfahrzeuge von 1906–1956. Nebel Verlag, 2002, ISBN 3-89555-860-5.
  • Jürgen Nöll: Im Schatten des Automobils – Opel-Motorräder aus drei Jahrzehnten. Heel Verlag, Königswinter 2001, ISBN 3-89880-012-1. (Bildband über die Jahre 1900 bis 1930).
  • Henry Ashby Turner: General Motors und die Nazis. Das Ringen um Opel. Econ Verlag, Berlin 2006, ISBN 3-430-19206-4.
  • Karl E. Ludvigsen: Opel – Räder für die Welt. Automobile Quarterly Publications, Princeton 1983, ISBN 0-915038-17-X.
Remove ads

Цахим холбоос

 Commons: Опел – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел тээврийн хэрэгсэл – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Опел унадаг дгуй – Викимедиа дуу дүрсний сан

Зүүлт тайлбар

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads