Юань Улс
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Их Юань Улс бас өөрөөр Дай Өнь хэмээх Их Монгол Улс[9][10][11] (монгол бичиг: ᠳᠠᠢ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ
ᠬᠡᠮᠡᠬᠦ
ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ[12]; галиг: Dai Ön kemeku yeke Mongɣol ulus[12]; ханз: 大元; пиньинь: Dà yuán) (1271–1368) нь Чингис хааны байгуулсан, Их Монгол Улсын үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн том газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв нь байснаараа онцлогтой бөгөөд Монгол угсаатны байгуулсан Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан феодалын нийгэмт хаант улс байсан юм.
Remove ads
"Юань" гэсэн үгийн тайлбар
Их Юань (Дай Өнь, Хятад: 大元) гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном (易經)” -ын “Цянь юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх утгыг үндсэлж өгсөн нэр болно.[7] "Хөх Тэнгэр", "Хөх Монгол" гэдэгт ордог "Хөх" гэсэн утга 元 (нан. yuán)-д байна. Хятад хэлний "Үгийн далай (辭海)" хэмээх Их толь (7р утгыг үз), "Хятад хэлний Их толь" (Тайванд хэвэлсэн, 21р утгыг үз), "Япон Хас толь" (21р утгыг үз)-нуудад байна. 元 (yuán) нь 玄 (хөх, тэнгэр өнгө) тэй ижил утгатай (元通玄) гээд, Юанийн үед тийн хэрэглэж байсан тайлбартайгаа байна гэж эрдэмтэн Балдандоржийн Сумъяабаатар баталгаа гаргаж ирэв. "Юань улс" гэдгийн монгол нэр нь "Хөх Монгол" юм.[13][14] Гэвч энэ тайлбар нь нэг хувилбар төдий юм.
Remove ads
Түүх
Юань Улс байгуулагдсан нь

1260 онд Хубилай өөрийгөө хаанд өргөмжилж, улмаар 1267 онд Монголын нийслэлийг Хархорум хотоос хуучин Алтан улсын Жунду (Дайду) (одоогийн Бээжин хотын баруун хойд талд байсан) хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Юань хэмээн нэрийдсэнээр Монголын эзэнт гүрэн Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдсан түүхтэй.
Хубилайн дараах үеийн Юань Улс
Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Чингимийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч Чингим 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Чингимийн хүү болох Төмөр өлзийт хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэнээс гадна Монголын баруун зүгт орших бусад хаант улсуудтай эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалын үеэс эхэлсэн байна. Түүний хаанчлалын жилүүдэд өрнөсөн хамгийн том үйл явдал нь Хайдугийн тэмцлийг бүр мөсөн дарж чадсан явдал юм.

Хайсан хүлэг хаан Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань Улсын хаан болжээ. Тэрбээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн нь Хайсан Хүлэг хааны хийсэн зарим зүйлүүдтэй шууд холбоотой байсан. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Юань улсын сан хөмрөг хоосорч маш их өрөнд орж Юань Улс төрийн тогтворгүй байдлын эх үүсвэрийг тавьсан байна.
Аюурбарбад хааны засаглалын үед улс орон нэг үе ахин сэргэн, улс төрийн байдал тогтворжиж эхэлсэн ч Аюурбарбад хааны урьд ахдаа амласан амлалтнаасаа буцан өөрийн хүүгээ хунтайж болгосон нь Юань улсад өрнөх дотоодын улс төрийн хямралын эхлэлийг тавьжээ. Тус хааныг нас барсны дараа түүний хүү Шадбал хаан суугаад 2 жилийн дараа Тэгш ноёноор толгойлуулсан босогчдод хороогдсон. Түүний дараа Жинь ван Есөнтөмөр хаан суудалд суув. Энэ хааны үед Юань улс сүүлийн удаа амар тайван байсан ч 1328 онд Есөнтөмөр хаан Шанду хотод нас нөгчсөнд Шанду хотыг сахин суусан Давлат шах, Ванчин зэрэг түшмэл, түүний хөвгүүн Аригиба хаан өргөмжилжээ. Мөн энэ үед Дайду хотыг сахин суусан Хайсан хааны хуучин түшмэл Янтөмөр нар Тугтөмөрийг Нанжин хотноос тосон авчирч Дайду хотод хаан өргөмжилжээ. Ингээд монголчууд нэгэн зэрэг хоёр хаантай болж Их нийслэл Дайду, дээд нийслэл Шандугийн хооронд өөр өөрийн өргөсөн хаанаа хамгаалах ширүүн дайн болов. Эцсийн дүнд Шандугийн тал ялагдаж Тугтөмөр хаан суужээ. Гэвч Тугтөмөр журам ёсыг дээдлэн Хархорумыг сахин суусан ах Хүслэндээ хаан суурийг найр тавихаа илтгэв. Ингээд 1329 онд Хүслэн Хархорумаас ирж хасбуу тамгыг хүлээн авч хаан ширээ эзэлсэн боловч хэдэн өдрийн дараа гэнэт нас нөгчжээ. Тугтөмөр хаан ширээгээ сэргээв. Юань улсад иргэний дайн дэгдэн үй олон хүний амийг авч одсон тэмцэл 10 гаруй жил өрнөж, уг улсын байдал туйлын тогтворгүй болж ирсэн.
Юань улсын мөхөл
14-р зууны дунд үед Юань улсын газар нутагт дараалсан олон усны үер болсоны улмаас 1351 онд шар мөрний далан задарсан аж. Тухайн үед Юань гүрнийг Тогоонтөмөр хаан удирдаж байсан бөгөөд тэрбээр өмнө зүгт Шаньдуны хагас аралд шинээр суваг бариулсан байна. Яг энэ үеэс эхлэн хятадууд анх удаа бослого зохион байгуулж эхэлжээ. Үүний дараа хэд хэдэн томоохон бослого хөдөлгөөн гарч эхэлсэнээс хятадуудын хувьд хамгийн чухал бослогын бүлэг нь улаан алчууртны бослого байсан юм. Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян, Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хүбэй зэрэг мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Лю Футун нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр 1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.
Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчуудын эзэгнэл төгсгөл болжээ.
Эдгээрээс гадна Дай Өнь хэмээх Их Монгол Улсыг мөхөлд хүргэсэн өөр шалтгаанууд ч бас бий. Үүнд дэлхийг эзэгнэсэн том гүрнийг удирдан захирч авч явах чадвартай хаан байгаагүй нь хамгийн гол хүчин зүйл байв. Өөр нэг шалтгаан нь 14-р зууны хоёр дахь хагаст гарсан тахлаас шалтгаалан алс холд хийж байсан худалдааны системд муугаар нөлөөлсөн байна. Хятад гүрнийг эзэлж байгаад хөөгдсөн бусад үндэстэнтэй харьцуулбал монголчууд хэдийгээр хятадад хаанчлалаа алдсан ч Юань улсын дараа бий болсон Мин улсын хойд хэсэгт үзүүлэх нөлөө нь хүчирхэг хэвээр байсан юм. Юань улсын үед эхэлсэн улсын нэгдсэн бодлого болоод засаг захиргааны санаачлагуудыг Мин улс тэр хэвээр нь үргэлжлүүлэн хэрэглэсэн байна.[15]
Remove ads
Юань улсын засаг захиргааны зохион байгуулалт
Хубилай хааны төр барьсан эхний жилүүдээс монголын төрийн төв хуучин Алтан улсын нутагт шилжсэн нь эзлэгдсэн хятад нутгийг захирахын тулд хятадын төрийн уламжлалт бүтцийг Их Монгол Улсын хэмжээнд хэрэглэж эхлэл тавигдсан. Анх Өгэдэй хааны үед Алтан улсыг дайлан дагуулсан цагт зөвхөн эзлэгдсэн хятад орныг хуучин бүтэц зохион байгуулалтаар нь захирах бодлого хэрэгжүүлж байсан бол, Хубилай сэцэн хааны үеэс эхлэн нийт монгол гүрэн даяар хэрэгжүүлж эхэлсэн. Сэцэн хааны зөвлөх Лю Бинжун тэргүүтэй хятад түшмэд монголын төрийн бүтэцийг хятадын төрийн тогтолцоогоор солих ажлыг боловсруулсан. Анхны төслийг 1260-1271 онуудын хооронд хэд хэдэн удаа засварлаж дараах байдлаар зохион байгуулсан.
Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан хязгаарлалтгүйгээр барих бөгөөд төвлөн засах яам (Уг яаманд Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүхийн яам, Үйлдвэрлэх яам зэрэг 6 яам харьяалагдаж байв), нууц бичгийн яам , зарга шийтгэх яам гэх гурван бие даасан харилцан хяналт тавих үүрэг хүлээсэн яамд ажиллаж байсан байна. Тус яамыг зарим үед хунтайж Жун шу лин буюу эрхэлсэн сайдын албан тушаалыг хашиж, түүний доор хоёр чинсан байдаг байлаа. Гэхдээ эрхэлсэн сайд гэдэг нь байнгын бус түр орон тоо юм. Энэ нь хунтайж нас барах, хаан болох үед арилгадаг байсан. Юань улсын үед Дорж (1261-1263), Чингим (1273-1286), Буянт хаан (1307-1311), Гэгээн хаан (1316-1320) нар уг тушаалыг хашиж байсан. Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд чинсан нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор, цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч түшмэл (᠋平章政事) хэмээх дөрвөн сайд, засагт туслагч түшмэл байв.
Түүний дараа Цэргийн явдлын хүрээлэн нь цэргийн үйлийг хариуцаж, дайн зарлах, цэргийн бүртгэл, цэргийг орон нутагт тараан хувиарлан суулгах гэх мэт асуудлыг хариуцаж байсан бөгөөд зөвхөн хаанд шууд захирагдах Шумиши түшмэл захирдаг байжээ.
Юй ши тай буюу Зарга шийтгэх яам нь түшмэдийн албанд нь хяналт тавьж дэвшүүлэх юмуу бууруулах эсэхийг тогтоох, шүүн таслах, зарга хэлэлцэх асуудлыг хамаарч байсан. Энэхүү хоёр яамд нь мөн адил орон нутагт салбартай байснаас гадна тус бүрийг хариуцсан түшмэл томилж байсан.
Мөн эдгээрээс гадна тус бүрдээ үүрэг хүлээсэн 20 гаруй яам, тэднээс салбарласан олон зуун хүрээлэн, асар, хэлтэс, товчоо зэрэг байгуулагдаж, зарим нь цаг үеийн шалгуураар татан буугдах, нэгтгэгдэж байсан.
Үүнд:
- Тариалангийн хэргийн их хэлтэс[16] (大司農司)
- Алтан ургийг хамаарах шилтгээн[16] (大宗正府): Алтан ургийн ноёд тайж, хатад охидын хэргийг хамаарах байгууллага.
- Бичгийн утгачд хавсаруулсан улсын түүхийн хүрээлэн[16] (翰林兼國史院): Хятад хэл, бичгээр улсын түүх шастир зохиох, хааны зарлигийн эхийг зохиох, зарлигийг нийтэд тунхаглах, түшмэдийн шалгалтийг зохион байгуулах үүрэгтэй.
- Монгол бичгийн утгачийн хүрээлэн (蒙古翰林院): Монгол хэл бичгээр хааны зарлигийг нийтлэх, төрийн хэргийг монгол хэлээр бичих нийтлэх, монгол бичгээр тамга, тэмдэг, судар шастир бичих; монгол түшмэдийг сургах гэх мэт
- Засаг нэвтэрүүлэх хүрээлэн[16] (通政院): Өртөөний хэргийг хариуцна.
- Мэргэд чуулах хүрээлэн[16] (集賢院)
- Засаг дэлгэрүүлэх хэлтэс[16] (宣政院): Төвөд зэрэг баруун зүгийн хараат орныг захирах байгууллага.
- Үзэсгэлэн дэлгэрүүлэх хэлтэс[16] (宣徽院): Алтан ургийн болон монгол ноёд ихэсийн зоог хүнс, идэш уушийг түгээх үйлийг хариуцна.
- Их тайлгыг хамаарсан хүрээлэн (太常禮儀院)
- Төрийн тамга хамаарах хүрээлэн (典瑞院)
- Зурхайн хүрээлэн (太史院)
- Эмчийн хүрээлэн (太醫院)
- Төв засгийн хүрээлэн[16] (中政院): Хааны ордны эд хөрөнгө, зоог хүнсийг зохицуулах байгууллага.
- Эрдэм дэлгэрүүлэх асар бичгийн утгачийн хүрээлэн (奎章閣學士院)
- Их Ордын дотоод хэргийг хамаарах шилтгээн (內史府): Чингис хааны дөрвөн их ордын тайлга тахилга, харьяат ардын хүнс зоог, ахуйн хэрэг, хятад нутаг дахь соёрхол газраас авах татвар татаасыг бие даан зохицуулах зэрэг үүрэгтэй байгууламж. 1292 онд байгуулагдаж, 1328 он хүртэл жинь ван удирдаж, 1328-1368 он хүртэл төлөөний түшмэд удирдаж байсан.
Нутаг дэвсгэрийн хуваарь
Юань улсын сударт бичсэнээр засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Төвлөн засах төлөөний яам-11, чөлгэ (лу)-185, Фу-33, жоу- 359, сянь-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хуваарь өөрчлөгдсөнгүй. Хууль цааз нь төрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн дүрэм журам байлаа. Юань гүрний үед нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж нь муж байв. Мужийг дотор нь:
Дотоод муж нь Төвлөн засах яаманд шууд захирагддаг Хэбэй, Шаньдун, Шаньси гурван мужийг багтааж байсан.

Харин гадаад муж нь нийт нийслэл хотоос алслагдсан бусад мужийг хэлж байсан.
Үүнд:
- Давааны Ар нутгийн син жун шу шэн (嶺北行省): Хархорумаар төвлөрсөн Монгол нутаг.
- Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (河南江北行省)
- Хугуан нутгийн син жун шу шэн (湖廣行省)
- Ганьсу нутгийн син жун шу шэн (甘肅行省)
- Жяньши нутгийн син жун шу шэн (江西行省)
- Жяньжэ нутгийн син жун шу шэн (江浙行省)
- Ляоян нутгийн син жун шу шэн (遼陽行省)
- Шэньси нутгийн син жун шу шэн (陝西行省)
- Сычуан нутгийн син жун шу шэн (四川行省)
- Юньнань нутгийн син жун шу шэн (雲南行省)
Муж нь дотроо: Лу (сүүлийн үед Зам, Чөлгөө, Чөлгэ, Цүлх гэж нэрлэгдэх болсон), Фу (сүүлийн жилүүдэд Шүлтгэн, Шилтгэн гэх нэршилийг Түүхийн хүрээлэнгийн бүтээлүүдэд тавигдах болсон), Жоу, Сянь гэж хуваагддаг.
Мужийг Юань улсын үед хятадаар Синь Жун Шу Шэн гэж нэрлэх бөгөөд энэ нь Төвлөн засах яамны төлөөний яам гэсэн утга агуулна. Үүнийг заримдаа Син шэн, Шэн гэх зэргээр товчлох асуудал байсан. Мөн орон нутаг дахь Нууц бичгийн яам, Зарга шийтгэх яамнуудын салбар байгууллага муж бүрт байршиж байсан. Тэдгээрийг син шу ми юань, син юй ши тай гэх зэргээр нэрлэж байсан.
Эдгээрээс гадна Юань улсын үед байсан нэг томоохон зүйл нь хааны ургийн болон гавъяат ноёд, ван нарын эзэмшил газар юм. Тухайн цагт хааны ургийн олон вангууд хятад газарт хувь эзэмшилтэй байжээ. Энэ нь тухайн үед ихээхэн өрнүүн дэлгэрсэн үзэгдэл байсан юм. Эдгээр эзэмшил газар нь төрийн засаг захиргааны нэгжтэй хамт оршиж, голдуу мужуудын фу, жоу, сянь зэрэг доод түвшний нэгжид эзэмшилтэй байсан. Гэхдээ тэрхүү газар эзэмшил нь дараах хоёр төрөлтэй байсан.
- Газар нутаг, оршин суугчидыг хамтад нь өгөх
- Зөвхөн оршин суугчидыг өгөх
Энэ үзэгдэл нь Монгол нутагт байсан юм. Буянт хааны үед гэхэд дараах ноёдын эзэмшилд хуваагдаж байсан.

- Туул, Онон, Хэрлэн, их ордос буюу их хориг зэрэг зүүн хойд нутаг нь Жинь ван Гамала, Есөнтөмөр нар захирсан, 1328 оноос төрийн захиргаанд очсон.
- Онон, Хэрлэн голын зүүн хэсэг, одоогийн Дорнод аймаг хавийн нутаг нь Бөх Бэлгүтэйгийн хойчисын захирсан нутаг
- Эргүнэ мөрөн, Далай нуур хавийн нутаг Хасарын хойчисын захирсан нутаг
- Алтайн нуруу, Эрчис мөрний дунд бие нь Өгэдэй хааны 7-р хөвүүн Мэлиг ноёны хойчисын захирсан нутаг
- Сэлэнгэ мөрний нутаг нь Сүлдүс аймгийн дархан нутаг
- Буйр нуур, халх гол орчмын нутаг нь Тэмүгэ Отчигины хойчисын захирсан нутаг
Эдгээрээс гадна тухайн зарим мужид Төвдийг захирах Засаг уламжлах яам (Сюань Жэн Юань), сюань вэй сы (дэлэгрэнгүй тохинуулах хэлтэс гэж орчуулдаг) , ань фу сы (амгаланг тохинуулах хэлтэс), жюнь (цэргийн анги), дао гэх мэтийн нэршил бүхий засаг захиргааны нэгж байршиж байсан.
Аливаа удирдах албанд заавал монгол хүнийг томилох бөгөөд 25-аас дээш насны Монгол дарга нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ. Энэ нь монгол хүний тоо хятад нутгийнхантай харьцуулахад хэт цөөн байснаас улбаалаад бүх шатанд хүрч ажиллах боломжгүй учир зөвхөн дээд удирдах шатанд томилдог байжээ. Гэхдээ Монгол хүн гэдэгт Их Монгол улсад хамгийн түрүүнд дагаар орсон Харлиг, Уйгур, Түрэг, Хятан зэргийн хүмүүсийг багтаах явдал байсныг анхаарууштай.
Хараат улсуудыг захирах мужууд
- Жэньдун син жун шу шэн (征東行省): Гуулин улсаар төвлөрсөн, Японыг дайлах муж.
- Жэньмянь син жун шу шэн (征緬行省, Мьянмарын хэргийг хамаарах муж)
- Жяожи син жун шу шэн (交趾行省): Аннам буюу одоогийн Вьетнамын хойд хэсгийг захирах муж.
- Жаньчэн син жун шу шэн (占城行省) Чампа улсыг захирах муж. Одоогийн өмнөд Вьетнам, Лаос, Тайландын нутаг
Цэрэг
Юань улсад монгол цэргээс гадна хятад, зүрчид, тангуд, кидан, курё, өнгөт нүдтэн (кипчак, асуд, уйгур, хотон, орос) зэрэг үндэстэн угсаатнаас бүрдсэн цэргийн анги үүрэг гүйцэтгэж байсан. Тус улсын зэвсэгт хүчин дараах төрөл нэгжээс бүрдэж байсан.
- Дарангуй цэрэг: Юань улсын цэргийн гол хүчний ерөнхий нэр. Чухал газар, цайз боомт хот зэргийг хамгаалж, бослого тэмцэл гарахад дарах үүрэгтэй.
- Хишигтэн цэрэг: Их Хааныг хамгаалагч торгон цэрэг.
- Бууч цэрэг
- Усан цэрэг
- Орон нутгийн цэрэг
Дарангуй цэргийг үндэс угсаа, гүйцэтгэх ур чадвар, төрөл ангиллаар нь дарангуй суух монгол цэрэг, тамачи цэрэг, хятад цэрэг, шинэ дагасан цэрэг (Сүн улс мөхсөний дараа дагаж орсон цэргүүд), өртөөний цэрэг гэх мэт төрөл ангилалтай байжээ.
- Монгол цэргүүд нь хааны хишигтэнгээс гадна, Юньнань, хэнань, хэбэй, шаньси, ганьсу гэсэн хойд зүгийн болон зарим чухалд тооцогдох өмнө зүгийн мужийн гол хотуудыг дарангуйлан ноёрхож байсан.
- Тамачи цэрэг нь Чингис хаан 1217 онд жалайрын Мухулай ноёнд ван цол өгч, Алтан улстай хийж байсан дайныг удирдах ерөнхий жанжин болгохдоо жалайр, уруд, мангуд, хонгирад, ихирэс аймгийн ноёд цэргийг захируулснаар тамачи цэрэг үүсэл эхлэдэг. Тамачи цэргийг зөвхөн энэ таван аймгаас татсан эрчүүдээр бүрдүүлж байсан тул уг таван аймгийн нэрийг таван түшээ аймаг гэж ерөнхийлөн нэрлэж байсан.
- Хятад цэрэг нь Юань улсын цэргийн хүчний тооны хувьд ихэнхийг бүрдүүлж байсан. Умард хятадыг монгол, тамачи цэрэгтэй холилдон сахиж байсан бол өмнөд хятадыг дан хятад цэргийн ангиуд хамгаалж байсан. Хятад цэргийг дотор нь Алтан улсын хятад цэрэг, шинэ дагасан хятад цэрэг (Сүн улс мөхөх үед бууж өгсөн хятад цэрэг) гэж хоёр ангилж байв.
- Өнгөт нүдтэн, орон нутгийн цэргүүд: Өнгөт нүдтэн гэх нэршилд баруун зүгээс олзлогдож ирсэн түрэг, перс, асуд, орос, зүүн европ, зүрчид, хидан, курё болон бусад хятад бус гаралтай иргэдийг багтаадаг. Тэдгээрээс асуд, кипчак, канли, орос цэргийг шилдэгт тооцож, хишигтэн болон дарангуй цэргийн дотор монгол цэргийн дараа орох нэр хүндтэй байсан. Тэднийг гүйцэтгэх үүрэг, төрөл мэргэжлээр нь хаад ноёдын шадар хамгаалагч, буут цэрэг, усан цэрэг мэтийн төрөл ангилалд хуваагдаж байсан.
Хууль цааз

Монголын Юань Улсын үед монгол хаад ноёдын зүгээс суурин иргэд, малчин ардыг нэгтгэн захирах үүднээс хэд хэдэн хууль цаазын бичгийг хэрэглэж байлаа. Хубилай хаан, түүний шинэ улсад шинэ хуультай болох нь зайлшгүй зүйл байсан. Улмаар Жи Юаний шинэ хууль гэх хууль цаазын бичгийг Е Рун Зу гэх бичгийн түшмэл удирдаж 1291 оны 6 сарын 18-нд эмхэтгэсэн. Энэ хууль нь Алтан улсын Жанзун хааны үед зохиосон Тай Хэ Люй И гэх хууль цаазын бичиг, Чингис хааны үед зохиосон Их Засаг хуулийг үндэс болгосон байдаг. Уг хууль нь 96 зүйл, 10 бүлэгтэй. Үүнд түшмэдийн ёс, мөнгө санхүү, шашин шүтлэг, боловсрол, хулгайн хэрэг, цагдан хорих гэх мэт зүйлд хуваагдаж байлаа.
Мөн Төмөр Өлзийт хааны үед 1305 онд Да Дөгийн хуулийн эмтхэтгэл гэх хууль цаазын бичгийг гаргасан. Үүнээс гадна 1322-1323 оны хооронд Юань улсын хууль цаазын бичиг, Их Юань улсын нэвтэрхий хууль зэргийг эмхэтгэж баталсан. Тус бүр нь 2000 гаруй боть бөгөөд 20 гаруй бүлэгт хуваагдаж байдаг.
Юань улсын сүүл үед холбогдох бас нэгэн хууль цаазын бичиг нь 1338-1345 оны хооронд Тогоонтөмөр хааны зарлигаар Их Юань улсын нэвтэрхий хууль болон өмнөх үеийн хуулийг нэгтгэсэн нэгэн хуулийг гаргасан. Үүнийг хятадаар Жижэн Тяогө гэдэг. Монголчилбол Жыжөнгийн хуулийн эмхэтгэл гэнэ. Энэ нь нийт 2909 боть бөгөөд удиртгал бүлэг нь 150 боть, хуулийн эмхэтгэл бүлэг нь 1700 боть, хавсралт бүлэг нь 1059 боть болдог. 1346 оноос албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Энэ хууль нь 22 жил болоод Мин улс байгуулагдахад халагдаж, хожуу Юнлө хааны үед бичигдсэн Юнлэ Дадян, манж Тэнгэрийн Тэтгэсэн хааны үед бичигдсэн "Сикү Чюаньшү" (Дөрвөн хөмрөгийн данс бичмэл) хэмээх хоёр бүтээлд багтсан билээ.
Remove ads
Юань улсын эдийн засаг
Юань улсын үед хөдөө аж ахуйг үндэс болгосон олон төрлийн аж ахуйг зэрэг хөгжүүлэх бодлого баримталсны дүнд таримлын төрөл зүйл олширч тариа будааг элбэг хураах болсон бөгөөд мал сүрэг ч өнөр өссөн байна. Юань улсын үед гар үйлдвэр ихээхэн хөгжжээ. Жишээ нь: хөх цэцэгтэй цагаан шаазан нэгэнт дэлхийн хэмжээний шилдэг бүтээгдэхүүн болж олон оронд борлуулагдаж байжээ. Онгоц хийх мэргэжил дээшилж усан флоттой болжээ. Хубилай хаан анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан нь олон улсын худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болсон байна. Юань улсын үед Ханчжоугаас Бээжин хүрэх усан сувгийг холбосон бөгөөд Шанхай, Ханчжоу, Гуанчжоу зэрэг нэлээд олон газрыг худалдааны чөлөөт бүс нутаг болгож ус хуурай хосолсон шинэ торгоны замыг нээж дэлхий олон орны эдийн засаг соёлын солилцоонд чухал хувь нэмэр оруулжээ.[7]
Албан татвар
Татвар, гувчуур нь аливаа төрт улсын оршин тогтнохын үндэс бөгөөд улс орны эдийн засаг, ахуй амьдрал ямар байх нь үүнээс хамаарч байсан. Юань улсын албан татварыг ерөнхийд нь улсын алба буюу биеэр гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд иргэний алба буюу бараа бүтээгдэхүүн, мөнгөөр төлөх хэлбэр гэж хоёр ангилж болно. Тухайн үеийн монгол, хятад хүмүүсийн гүйцтгэх алба, татвар гувчуур нь ялгаатай байсан. Мөн энэ үеийн татвар, гувчуур гэх ойлголт нь Их Монгол Улсын үеийнхээс онцын өөрчлөлтгүй ч, улам боловсронгуй болох тусам өмнөх үеийнхээс авдаг байсан татварын тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдсэн. Өлзийт хаан нэгэн удаа сайд Өлзийгөөс "Жил бүрийн улсад орж ирдэг алт, мөнгө, цаасан мөнгө хэд орчим байна? Бас хааны удмын олон ван, хүргэд, ноёдод түгээсэн хишиг болон барилга байгууламжийн зардалд хэдий хэмжээний мөнгө зарлагаддаг вэ? Эдгээрийг тооцоолж надад мэдүүл” хэмээсэнд Өлзий чинсан хариулахдаа: "Улсын жилийн орлого нь алт 19,000 лан, мөнгө 60,000 лан, цаасан мөнгө 3,600,000 дин. Ийм их боловч зардалд хүрэлцэхгүй учир 200,000 дин жиюаний цаасан мөнгө нэмж зээлээд байна. Иймд цаашид та бүхнийг хэмнэлттэй байхыг хүсч байна"[17] гэсэн нь тэр үеийн татвараас олсон ихээхэн орлого ба зарлагын харьцаа ямар байсныг харж болно. Энэ хэрээр татвараар цуглуулсан хөрөнгийг замбараагүй зарцуулж байсан нь улсын сан хөмрөг хоосрох үзэгдэл Хайсан хүлэг хааны үеэс хойш байнга шахам тохиолдож байсан.
Монгол малчдын төлдөг байсан татвар нь "хаад ноёдын идээ шүүсний иргэ хонины гувчуур; өртөөнд хэрэглэх морь малын гувчуур; хаад ноёдын өдөр тутмын болон найранд хэрэглэх сүү цагаан идээ, айраг архины гувчуур; малын тоног, цэргийн зэвсэг хэрэглэл, цэргийн агт зэргийн гувчуур" зэргийг шаардлагатай үед татаж авдаг байсан. Малчдаас малыг татварлахдаа Өгэдэй хааны үед тогтоосон 100 мал тутмаас нэгийг татах, 100 хүрэхгүй бол татахгүй гэдэг хуулийг хэрэглэсээр байсан ч, Юань Улсын сүүлээр энэ дүрэм алдагдсан байж болзошгүй. Тогоонтөмөр хааны үед хятадад гарсан бослогыг дарахад цэргийн агт хүрэлцэхгүй болсноор хааны зарлигаар адуу морийг малчдаас найртайгаар мөнгө төлж худалдан авах зарлиг олонтоо гаргаж байсан ч, хэрхэн хэрэгжсэн нь тодорхойгүй.
Хятад тариачдаас авах татвар нь газрын татвар, өрхийн татвар, хавар ба намрын гувчуур зэрэг байнгын татвараас гадна дайнд хэрэглэх цэргийн хэрэглэл, өртөөний, хаад ноёдын хэрэглээнд гэх мэтээр тогтмол бус олон зүйлийн гувчуурыг татаж авдаг байсан. Эдгээр байнгын татварыг мөнгөн ембүү, гуулин зоос, цаасан мөнгө, торгон утас, бөс даавуу, будаа үр тариа, байгалийн баялаг, эд таваар зэргийн аль нэгээр нь тогтоосон хэмжээгээр татварладаг байсан. Өгэдэй хааны үед тогтоосон хуулиар хэрвээ зарим газар нутаг томтой ч хүн цөөтэй бол газрын татвар авна, харин газар нутаг бага ч хүн ам ихтэй бол хүн амын татвар авна, мөн дархан, гар урчууд, лам хуврагууд газрын татвар, албаны түшмэд худалдаачид хүн амын тоог магадлан татвар төлдөг журам Юань улсын үед ч хэрэгжиж байсан.[18]
Хубилай хааны үеэс газрын амуу будааны татвар, хүн ам өрхийн татвар, ашигт малтмалын татвар, худалдааны гаалийн татвар, эд барааны болон бусад 32 төрлийн жижиг татвар гувчуурыг авах болсон.
Газрын буюу амуу будааны татвар: Өрхийн эр бүр 3 таар амуу будаа, өсвөр насны эр 1 таар амуу, шинэ өрх эхний жилд 5 доу (10 доу 1 таартай тэнцүү, ) амуу тушаана. Өлзийт хааны үеэс намрын татварыг амуу будаагаар, хаврын татварыг мод, бөс бараа, торго, мяндасаар орлуулан татварлах болсон.[19] 1328 он гэхэд нийт 12,114,708 таар амуу будааг татварлаж байсан.
Өрхийн татвар
Өрхийн татвар нь ширхэгийн (торгон утасны), цаасан мөнгөний, энэ хоёрын холимог гэсэн гурван төрлөөр татвар хурааж байсан. Газар нутгийн онцлогоос хамаарч зөвхөн торгон утасаар татвар төлдөг өрх, зөвхөн мөнгө зоосоор татвар төлдөг өрх, эсвэл аль алинаар нь дагнах юмуу холимог байдлаар төрөлжсөн татвар төлдөг өрхүүд гэж байсан.
- Уулын харьяат өрх (元管戶) бүр 1 жинь, 6 лан, 4 цэн тушаана.
- Бүрэн татах албаны таван өрх (全科係官五戶絲戶): 1 жинь, 6 лан, 4 цэн тушаана, хагасыг татах өрх нь 8 ланг албанд тушаана.
- Харилцан туслах өрх: торгон утасны өрх 1 жинь, 6 лан, 4 цэн. Мөнгөний алба 4 лан тушаана.
- Тэтгэн туслах өрх: цаасан мөнгөөр алба барьдаг өрх 10 лан, 2 цэн бөгөөд үүний 4 лан мөнгийг албанд тушаана. Зөвхөн торгон утасаар алба барьдаг өрхийн албанд тушаах нь 4 жинь утас.
- Хөрөнгө сэргээсэн өрх, эрийн цээнд хүрсэн өрхөөс эхний жилд албаас хэлтрүүлж, 2-р жилд хагасыг татаж, 3-р жилд бүрэн татаж хуучин өрхтэй адил болгоно.[20]
1302 онд тогтоосон нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн цаасан мөнгө тушаах өрх бүр Жунтунгийн цаасан мөнгө 1 лан, 2 цэн, 5 фэн, зөвхөн торгон утас тушаах өрх бүр 5 жинь, 8 лан болгож, торгон утасны албыг тушаах хугацаа найман сард, мөнгөний албыг тушаах хугацаа есөн сард, бөс барааны тушаах хугацааг 10 сард тушааж байхаар тус тус тогтоов.[20][17]
1265 онд 986,912 жинь торгон утас, 56874 ембүү мөнгө, 85412 толгой бөс даавууг татварт авч байсан бол, 1328 оны байдлаар 1098843 жинь торгон утас, 989 ембүү мөнгө, 350530 толгой нарийн торго, 72015 жинь мяндас, 211223 толгой бөс даавууг тус тус татварт хураажээ.[17]
Ашигт малтмалыг хятад газрын мужуудаас алт, мөнгө, төмөр, сувд, хаш, хар тугалга, зэс, хужир давс болон бусад төрлийн эрдэс баялагийг зөвхөн төрийн хяналттайгаар ашигт малтмалуудыг олборлож, эргэлтэнд оруулж байсан.[17]
Худалдааны татвар
Өгэдэй хааны үед тогтоосон худалдаачдаас 30-ны 1 хувиар бодож татвар авахыг удтал хэрэглэж, 1280 оны байдлаар 45000 дин буюу ембүү (50 лангийн ембүүгээр тооцдог байсан) мөнгө татварлан авахаар болсон. Мөн жилд Шанду хотоос 60-ны 1 хувиар тооцох болсон. 1285 онд зам тус бүрээс жунтунгийн 3 цэн мөнгө авахаар болов. Шандугаас авах татварыг нэмж 100 лан бүрээс 7.5 цэн мөнгө татахаар болов. 1289 онд Сэнгэ сайдын гуйлтаар хойд хятадаас авах орлогыг нэмж 200,000 дин мөнгө, өмнөд хятадаас авах орлогыг 250,000 дин мөнгө болов.[21] 1310 онд Хүлэг хааны зарлигаар зам бүрээс авах орлогыг 3 цэн жиюаний цаасан мөнгө болгон нэмсээр, 1328 он гэхэд худалдаачдаас авдаг татварын хэмжээ 1280 оныхоос 100 дахин нэмэгдэв.[21]
Архи, цууны татвар
Архи, цууны татвар нэгэн төрлийн татвар бөгөөд архи дарс нэрэхийг зөвхөн улсын мэдлийн үйлдвэрт нэрж хийж, бусад хүмүүс дур мэдэн хийхийг цаазлан хориглож байсан. Тухайн үед архи, дарс нэрэхэд тариа, будаа ашиглаж байсан тул ган гачигтай зарим жилд архи нэрэхийг хааны зарлигаар хориглож байсан ч, язгууртнууд ашиг олохын тулд нууцаар архи нэрж зарах үзэгдэл их байсан. Монголчууд анх Өгэдэй хааны үед хятад нутагт архи, дарсны үйлдвэрийг олон газарт тараан байгуулж, тэднийг орон нутгийн түшмэдээр хянуулж, тэдгээрээс багагүй хэмжээний орлогыг татан төвлөрүүлж байсан. Мөнх хааны үед архи дарсыг хувиараа хийхийг хориглож байсан. 1285 онд Хубилай хааны зарлигаар архинаас авах татварыг 1 дань[23] тутмаас 10 лан мөнгө авахаар болсон. 1285 оны 3-р сард баруун гарын сайд Лу Шируны зөвлөснөөр Шанду хотын архины татварыг цуцлаж, архи дарс үйлдвэрлэгчид хувиараа хийхийг зөвшөөрч, 1 дань тутмаас 5 лан мөнгөний татвар авахаар болгов.
1292 онд Өлзий чинсангийн айлтгасан нь: "Ханжоугийн архины татвар жилд 270,000 дин мөнгө төвлөрүүлдэг бол Хугуан, Лунсин хотууд нийлээд ердөө 90,000 дин мөнгө л төвлөрүүлж байна. Татварын харьцаа хэт ялгаатай байна” хэмээн мэдүүлэв. Ингээд Ханжоугийн татварыг 10-ны хоёроор бууруулж, Хугуан, Лунсин, Нанжин гурван газарт хуваан ногдуулжээ. 1304 онд Дайду хотын архи дарсны татварын газрын харьяанд 100 дарс нэрэх үйлдвэр байгуулснаа, 1305 онд 30 болгон цомхотгоод нэг газраас өдөрт 25 дань-аас (2500 литр) илүү архи дарс нэрэхийг хориглов.[21]
Муж бүрээс татварласан архины татвар (酒課)[21]
- Нийслэл орчмын газар (腹裏): 56,243 дин 67 лан 1 цэн
- Ляоян муж (遼陽行省): 2250 дин 11 лан 2 цэн
- Хэнань муж (河南行省): 75,077 дин 11 лан 5 цэн
- Шэньси (陝西行省): 11,774 дин 34 лан 4 цэн
- Сычуань (四川行省): 7,590 дин 20 лан
- Ганьсу (甘肅行省): 2,078 дин 35 лан 9 цэн
- Юннань (雲南行省): 226,117 суо (索)
- Жянжэ (江浙行省): 196,654 дин 21 лан 3 цэн
- Жянси (江西行省): 58,640 дин 16 лан 8 цэн
- Хугуан (湖廣行省): 58,848 дин 49 лан 8 цэн
Муж бүрээс татварласан цууны татвар (醋課)[21]
- Нийслэл орчмын газар (腹裏): 3,576 дин 48 лан 9 цэн
- Ляоян (遼陽行省): 34 дин 26 лан 5 цэн
- Хэнань (河南行省): 2,740 дин 36 лан 4 цэн
- Шэньси (陝西行省): 1,573 дин 39 лан 2 цэн
- Сычуань (四川行省): 616 дин 12 лан 8 цэн
- Жянжэ (江浙行省): 11,870 дин 19 лан 6 цэн
- Жянси (江西行省): 951 дин 24 лан 5 цэн
- Хугуан (湖廣行省): 1,231 дин 27 лан 9 цэн
Нэмэлт татварууд
Юань улсын сударт тэмдэглэснээр дээрх татваруудаас гадна доор дурдсан 32 төрлийн эд зүйлсээс нэмэлт гувчуур авдаг байсан.[21]
- Цаг тооны бичиг (曆日)
- Гэрээний бичиг (契本)
- Голын хөвөө (河泊)
- Уулын талбай (山場)
- Ваар сав шатаах зуух (窰冶)
- Газрын түрээс (房地租)
- Өрхийн мухлаг (門攤)
- Цөөрөм (池塘)
- Нуурын зэгс (蒲葦)
- Идэшний хонь (食羊)
- Хулс (荻葦)
- Нүүрс (煤炭)
- Далайн эрэг (撞岸)
- Хятад долоогоно жимс (山查)
- Исгэгч, хөрөнгө (麯)
- Загас (魚)
- Будаг (漆)
- Исгэх эд (酵)
- Уулын шанд (山澤)
- Нуур (蕩)
- Бургас (柳)
- Яали ? (牙例)
- Саалийн үнээ (乳牛)
- Хувь татах (抽分)
- Зэгс (蒲)
- Жараахай (魚苗)
- Түлээ мод (柴)
- Нэхий (羊皮)
- Шаазан (磁)
- Хулсан зэгс (竹葦)
- Цагаан гаа (薑)
- Цагаан эм (白藥)[24]
Идэшний хониноос олдог байсан татварын орлого нь Дайду чөлгөнөөс 438 дин мөнгө, Шанду чөлгө, Шинхэ чөлгөнөөс тус бүр 300 дин мөнгө, Датун чөлгөнөөс 393 дин, Хонины зах (Дайду хотын Шүньчэн хаалганы орчимд байсан[25]) 229 дин 29 лан 7 цэн мөнгө, мэйму хэлтэс (煤木所; Дайду хотын арилжааны гаалийн хэргийг эрхлэх товчооны харьяа байгууллага[26]) 100 дин мөнгө, нийт дүнгээр 1760 дин 29 лан 7 цэн цаасан мөнгө олж байсан.[21] Саалийн үнээнээс зөвхөн жэньдин чөлгөнөөс 208 дин 30 лан мөнгөний татварын орлого олж байсан.[21]
Цаг тооны бичиг улс даяар 3,123,185 боть борлуулсан нь жунтунгийн цаасан мөнгөөр 45980 дин 32 лан 5 цэн мөнгөний орлого олж байв. Үүнээс том хуанлийг 2,202,203 боть тус бүрийг 1 лан цаасан мөнгөөр зарсан нь 44044 дин 3 лан мөнгө, жижиг хуанли 915,725 боть тус бүрийг 1 цэн цаасан мөнгөөр боруулахад 1831 дин 32 лан 5 цэн мөнгө, араб хуанли 5257 боть тус бүрийг 1 лан цаасан мөнгөөр зарсан нь 105 дин 7 лан мөнгө болж байв.[21]
Remove ads
Хаад ба Хатад
Хаад
Их Хатад
Remove ads
Зургийн цомог
- Араб тоо сийлсэн хавтан (Юань гүрэн)
- Төмрийн хүдэр хайлуулах зуух
- Усан хүрд
- Юань улсын үеийн усан хөөрөг
- Юань улсын үеийн нэхмэлийн машин
- Усан тээрэм
- Торго нэхэх суурь машин
- Юань улсыг үеийн зураг (Жао Мэнфу)
- Юань улсын үеийн Давхар холхивчит нум[27]
- Юань улсын үеийн цэргийн хувцас
- Юань улсын үед зурагдсан луу унаж буй зураг
- Юань улсын Монгол цэрэг
- Хубилай хааны залуугийн зураг
- Монгол морьтон баатрын харваж байгаа зураг
- Бээжин хотын Фаншань дүүргээс олдсон Юань улсын үед хамаарах Несториан шашинтны чулуун хөшөө
Remove ads
Урлагийн бүтээл
Кино
- Телевизийн богино цувралууд, Марко Поло (1982), Featuring Кэн Маршал ба Роученг Ин, зохиолыг бичсэн Жулиано Монталдо,зураглаач, Пологийн аялалаар хоёр ялалт авсан. Эмми шагнал гардуулах ёслол, зургаагаас дээш удаа нэр дэвшсэн.[28][29]
- Марко Поло 2014 оны кино. (imdb.com Marco Polo (TV series))
Мөн үзэх
Цахим холбоос
- Yuan Dynasty Earthen City Wall Park, Beijing (англи хэлээр)
- The Yuan Dynasty (англи хэлээр)
Ном
- Arthur Cotterell: The Imperial Capitals of China - An Inside View of the Celestial Empire. Pimlico, London 2007, ISBN 978-1-84595-009-5 (англи хэлээр).
- Ann Paludan: Chronicle of the China Emperors. Thames & Hudson, London 1998, ISBN 0-500-05090-2 (англи хэлээр).
Тэмдэглэл
- Монголын эрхшээлд байсан Гуулин улсын статус тодорхойгүй байна. Гуулин Юань гүрний дагуул улс байсан бол Тань Цисянь зэрэг олон эрдэмтэд үүнийг Юань улсын нутаг дэвсгэрээс гадуурх өөртөө засах улс гэж үздэг бол;[2][3][4] бусад нь Юань улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг.
- Хубилай хаан хэдийгээр Аригбөхийг ялж Монголын их хаан болсон ч тэрээр зөвхөн Зүүн Азийг захирч чадахаас гадна баруун зүгийн олон Монголын хант улсууд түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй байв.
Remove ads
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads

















